2024-05-04
АНУ доллар 3,381.24₮
Ангилал: Эрүүл мэнд

ЭМЯ: БНСУ-д байгаа 35 настай монгол иргэний шинжилгээ халдвартай гарсан

2020-02-27 11:41:54

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 талаар ээлжит мэдээллээ өглөө. БНСУ-д байгаа манай улсын иргэн халдвар авсан нь батлагдсан байна. 

Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Япон улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа. Хилээ хаах тухай хүсэлт иргэдээс ирж байна. ЭМЯ-наас иргэдийн хүсэлтийг уламжилж энэ талаар Улсын комисс хуралдаж шийдвэр гаргах байх гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Монгол Улсын харьяат 35 настай, эрэгтэй нь элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд ОМ201 нислэгээр БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Очсон даруйдаа дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байгаад шинжилгээ өгсөн. Өчигдөр шинжилгээний хариу нь нэмэх буюу халдвартай гарсан. Цуг явж байсан эхнэр, эгчид нь илрээгүй гэлээ. 

Бид энэ өвчлөлийн нууц үеийн хугацааг тооцож үзэхэд энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж шинжилгээ хийлгэж байхдаа халдвар авсан байх өндөр магадлалтай байгаа хэмээлээ.