2024-05-05
АНУ доллар 3,381.24₮
Ангилал: Эрүүл мэнд

Г.ГАНХУЯГ: БӨӨР, ЭЛЭГ МУУТАЙ ХҮН КЕТО БОЛОН УУРГИЙН ДЭГЛЭМ БАРЬЖ БОЛОХГҮЙ

2020-03-09 11:04:44

Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч Г.Ганхуягтай бөөрний өвчлөлийн талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Үүний зонхилох гол шалтгаан нь юу вэ?
-2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд 10 хүн тутмын нэг нь бөөрний эмгэгээр шаналж байна гэж үздэг. Жил бүрийн гуравдугаар сарын 12-нд бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиодог. Энэ өдрийг Монголд тэмдэглээд 10 гаруй жил болж байна. ДЭМБ аливаа өчинг халдварт болон халдварт бус гэж хоёр хуваадаг. Халдварт бус өвчний тоогоор эхний таван байранд зүрх судас, элэг, амьсгалын замын эмгэг ордгийн нэг нь бөөрний өвчлөл байдаг. Үүнийг нас баралтын эзлэх хувь, өвчлөлийн цар хүрээгээр тогтоодог. Сүүлийн үед Монгол Улсад энэ өвчлөл өндөр байгаа боловч бөөр судлалын шинжлэх ухаан хөгжиж байна гэж үзнэ. Учир нь бөөр орлуулах аппарат улсын хэмжээнд 200 гаруй, Улаанбаатар хотод гэхэд 14 эмнэлэг байх жишээний. Дүүрэг бүр нэг аппараттай болсон. Түүнчлэн бөөр шилжүүлэн суулгадаг боллоо. Одоогийн байдлаар 300 гаруй хүнд суулгасан байна. Мөн одоогоор бөөрний түүдгэнцрийн үрэвслийг эцсийн вариантаар оношилдог эдийн шинжилгээг авдаг нэгхэн газар байгаа бөгөөд энэ нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Тус эмнэлгийнхэн биобси аваад хоёр дахь жилдээ болж байна.
-Бөөрний өвчлөл нь дотроо маш олон хам шинжтэй байдаг. Үүнээс түүдгэнцрийн үрэвслээр өвдөж, хүндрэх тохиолдол голлож байна уу?
-15-20 жилийн өмнө бөөрний түүдгэнцрийн үрэвсэл тэргүүлэх байрыг эзэлж байсан бол одоо сахар, даралт ихсэх өвчин тэргүүлж буй Түүдгэнцрийн үрэвсэл нь хүний дархлаа, хоолойн болон шүдний өвчлөлөөс үүдэлтэй. Хүүхдийн сүүн шүднээс авхуулаад хорхой идсэн шүдийг эмчлэхгүй удвал зүрх, бөөр муутай болгодог. Мөн хоолой идээлснээр бактерийн гаралтай нян үүсч, түүдгэнцрийн үрэвсэл үүсгэх гол нөхцөл шалтгаан болдог. Улмаар дархлаа султай байвал энэ өвчлөлд хүрч байна. Дархлаа нь хоол, нойрноос 100 хувь шалтгаална. Стрессээс үүдэн дархлаа унаж байна, мөн кето, уургийн дэглэмүүд үүнд нөлөөлж буй. Энэ дэглэмийг бөөр, элэг муутай хүн барьж болохгүй. Эрүүл хүн барихдаа ч бөөр, элэгний үйл ажиллагаагаа үзэж байж шийдэх ёстой. Зарим хүн бөөр өвддөг гээд дасгал хөдөлгөөнөө тас хорьчихдог эсвэл хэтрүүлчихдэг. Хэтрүүлэхээр судас нарийсдаг.
-Энэ үрэвслийг 100 хувь эдгээх арга чарга бий юү?
-Энэ бол залуучуудын өвчин. Яагаад гэвэл өнөө л идэж, ууж байгаа хоол хүнс, дархлаатай холбоотой. Бас цаг агаарын байдал нөлөөлнө. Хувцсаа тохируулж өмсч чадахгүйн дээр, дороосоо даарч хөөрч байна. Ажлын ачаалал их байгаагаас амралтаа зохицуулж чадахгүй байна. Хөдөлгөөний дутагдалд орчхоод байна. Түүдгэнцрийн үрэвслийн эдийн шинжилгээний эцсийн оношийг тогтоосны дараа аливаа эмчилгээний аргууд бий. Дээр үед цас, уургаар шээдэг энэ өвчнийг эдгэдэггүй гэж ярьдаг байсан. Харин одоо эдгэдэг гэдгийг сүүлийн үеийн ном зохиолд бичсэн. Гэхдээ бөөрний архаг дутагдалд ордог шалтгааны гуравдугаар байранд түүдгэнцрийн үрэвсэл ордог. Тэгэхээр яавал шээсээр уураг, цус алдахгүй, хавагнахгүй, уургийн дутагдалд орохгүй байх вэ гэдэг ерөөс амьдралын хэв маягаас л шалтгаална. Өвчнийг нөхцөлдүүлээд байгаа шалтаг шалтгааныг арилгаж чадах ёстой. Хүн 20.00 цагаас хойш шингэн юм уух шаардлагагүй. Ингээд бат бөх унтаж амрах нь зүйтэй. Нэг зүйлийг 1.30 цагаас илүү хугацаанд харж, үзэж болохгүй. Нүдний судас нэг удаа агшихад бөөрний судас 10 дахин агшдаг. Судас агшаад, нарийсаад байвал бөөрний цусан хангамж буурна. Тэгэхээр бөөр бол судас, судас агшаад байвал маш муу гэсэн үг. Жишээлбэл, нэг цаг хөдөлгөөнгүй суухад нуруу чилж өвддөг. Цус байнга эргэлдэж, хөдөлж байх ёстой. Хөдөлгөөн дутагдаж, цус сэлбэгдэхгүй болохоор л бөөр муудаад эхэлнэ. Түүдгэнцрийн үрэвслийг намжил байдалтай байлгах шалтаг, шалтгаан энэ бүхнээс хамаарна.
-Түүдгэнцрийн үрэвслийг намжмал байдалтай яаж удаан барих вэ, гэхдээ эцэстээ дутагдалд орж бөөр шилжүүлэн суулгахаас өөр арга байхгүй гэдэг шүү дээ?
-Түүдгэнцрийн үрэвсэл ямар гаралтай байгааг эдийн шинжилгээгээр тогтоодог гэж хэлсэн шүү дээ. Энэ үрэвсэл нь дотроо 3-4 бүтэцтэй. Эдийн шинжилгээний дараа үүнийг ийм аргаар эмчилбэл үр дүнтэй гэдэг нь номон дээр бичигдсэн байдаг. Хамгийн түрүүнд гормон эмчилгээ хийнэ, дараа нь олон янзын химийн гаралтай эмийг өгдөг. Сүүлийн үед циклоспорин, наярит гэм мэт эмийг түлхүү хэрэглэж байна. Эдгээр нь гормон эмчилгээний үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд хэрэглэгддэг. Гэхдээ үүнийг хийхийн тулд заавал эдийн шинжилгээ хийж, онош батлах ёстой. Эмчилгээний үр дүнд шээсээр цус, уураг алдах, хавагнахаа больдог. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр, шинжлэх ухааны үндэслэлтэй практик дээр түүдгэнцрийн үрэвсэл эдгэрдэг гэдгийг судлаад эм тан гаргаад ирсэн байна. Энэ өвчин 15-20 жилийн дараа бөөрний архаг дутагдалд хүргэдэг нь үнэн. Гэхдээ үүнд хүрэхгүйн тулд яах ёстой вэ, ямар дэглэм барих вэ гэдгийг сайтар санах ёстой.
-Түүдгэнцрийн үрэвсэлтэй хүнийг жил бүр элсэн сувилалд явахыг санал болгодог. Элсэн сувилал шинжлэх ухаан талаасаа ямар ач холбогдолтой вэ?
-Намжмал үедээ элсний сувилал эмчилгээнд явбал маш сайн үр дүнтэй. Хэдий чинээ намжмал үеийг уртасгана төдий чинээ дутагдалд орохоос урьдчилан сэргийлнэ. Харин элсэн сувилалд явснаар энэ үеийг уртасгадаг практик байна. Элсэн сувилалд 20 гаруй жил явсан хүмүүс байдаг. Тэд шээсээр уураг, цус алддаггүй. Нэг муу зуршил харагдаж байгаа нь чи өвчтэй хүн гээд хүнийг сэтгэл санаагаар унагааж, бүх зүйлийг нь хорьчихдог. Энэ нь хүнийг хагас амьтан болгодог. Хорионд орсон хүний тархи кодлогдчихдог учраас хүнд юм өргөх, буруу хоол идсэний дараа өвчин сэдэрчихлээ гэж боддог. Тэгэхээр зөв амьдрах амьдралын хэв маяг хамгаас чухал. Хориотой зүйлсийг хэтрүүлж хэрэглэж болохгүй. Үе үе л идмээр, уумаар санагдаад байгаа зүйлээ хийхэд л болно гэх гэсэн санаа.
-Элсэн сувилалд явахаар улам сэдэрдэг, зарим нь болохоор жилээ даадаг гэх юм?
-Би Говь-Алтай аймагт байрладаг Бигэрийн элсэн сувиллын талаар 2001 онд би магистр хамгаалсан. Архаг түүдгэнцрийн үрэвслийн элсэн сувилал эмчилгээний үр дүнг судалсан. 1971 онд анх Бигэр элсэн сувиллыг байгуулсан гэж үздэг. Монгол Улсын ШУА-аас Баянхонгорын Эгийн голын элс, Дундговийн Өөш манхан, Дорноговийн Улаан уулны элс гэхчилэн 5-6 газрын элсний найрлага бүтцийг судлаад Бигэрийн элсийг хамгийн сайн нь гэж тодруулсан байдаг. Юугаараа давуу вэ гэхээр, байгаль экологийн онцлогтой газар. Тодруулбал, баруун талдаа Бурхан буудай уултай, зүүн талдаа Хөх сэрхийн нуруутай, салхин дээрээ давстай нууртай Алтан тэвш гэдэг хонхор газар байдаг. Хоёр талын уулан дээгүүр үүл бүрхээд бороо ороод байдаг. Тэнд огт бороо ордоггүй байсан. Сүүлийн үед л байгаль экологийн өөрчлөлтөөр ороод байгаа болохоос биш. Элсэнд орох хамгийн тохиромжтой үе нь зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15 байдаг. Тэр үедээ хөрсний температур 46 градус хүрч халдаг учраас хамгийн таатай нь гэгддэг.
-Элсэнд орох зааварчилгаа гэж байдаг уу?
-Агаарын температур 20-оос, хөрсөн дээрх нь 55-аас, гүнийх 43 хэмээс дээш үед элсэнд ордог. Хөндлөн хэлбэртэй банн татсаны дараа элсээ ээж байгаад биеэ хучуулна. Ингэхдээ амьсгал давчдуулахгүй байхаар нимгэн зузааныг тохируулна. Битүү халуун элсээр хучихаар зүрх дэлсдэг. Цээж, хэвлийг хэр нимгэн, зузаан хучих вэ гэдэг тухайн хүнээс хамаарна. Элсэнд өдөрт 1-2 удаа 7-9 минут орно. Үүнээс илүү орж болохгүй. Гэхдээ анх очихдоо эхний гурав хоногт нэг удаа л орох нь зүйтэй.
-Бөөр судаслаг эрхтэн аж. Судасны цусан хангамжийг сайжруулах ёстой байдаг уу?
-Бөөр хоногт 3500 литр цус урсгадгаас нэг хувь буюу 3.5 литр нь анхдагч шээс болж гардаг. Ингээд ахиж бөөрөөр шүүгээд 80 хувийг нь гаргана гэсэн үг. Өдөрт хүн 6-8 удаа шээх ёстой. Нэг удаа шээсний дараа маш сайн тайвшрал авч байх хэрэгтэй. Тайвширч чадахгүй ахиж шээс дусагнаж, жаахан юм уух төдийд хүрч , ус гоожингуут л шээмээр санагдаж, улмаар хүчтэй ханиаж, найтаах, хүнд юм өргөх үед шээс дусалж, задгайрч байвал 100 хувь бөөрний үрэвсэл, мэдрэлтэй холбоотой байна гэж үздэг. Элсэнд орсноор бөөрний нөөц үйл ажиллагааг хангадаг. Бөөр нь хоногт 3500 литр цусыг хөлсөөр, шээсээр, амьсгалаар гаргадаг. Халуун элсэнд хучиж уур амьсгалыг нь ашиглаж байна. Тэрчлэн элсний микро элементийн чанар нь бие организмд ионы байдлаар шингэдэг. Хамгийн гол нь вакум орчин үүсгэж, хөлс ялгаруулж, бөөрний ачааллыг багасгана. Хүн хөлсөөрөө микро элемэнтээ алддаг. Түүнийг нөхөж өгч байгаа нэг зүйл нь ингэний хоормог. Элсэн эмчилгээний үед заавал хоормог уух ёстой. Наранд халсан элс нь хүний биеийн илүүдэл чийг усыг газарт татах төдийгүй бүх биеийг жигд халааж, судасны ханыг эрүүлжүүлж, эргэлтийг идэвхжүүлэн эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулдаг. Цусан хангамж сайн байвал архаг дутагдалд орох магадлал багасна гэдгийг дахиад хэлье.
-Бөөрний өвчтэй хүмүүс хоолны чанд дэглэм барьдаг. Ялангуяа, давсыг хорьдог шүү дээ. Гэтэл та болохоор идэж болно гэдэг?
-Монгол хүн хэзээ ч давс, сүү, мах гурвыг хорьж болохгүй. Би 26 жил бөөрний эмчээр ажиллалаа. Би хорьдог эмч биш. Хүн юу хүсч байгаагаа идэж л байх ёстой. Мал амьтан хүртэл хужиртаад байдаг шүү дээ. Хааяадаа архи уучих хэрэгтэй, шарсан хуурсан, халуун ногтоотой хоол идчих л хэрэгтэй, хүн л юм чинь. Хүн дуртай юмаа, дутагдаж байгаагаа идэх л ёстой. Орчин үед хэт шинжлэх ухаанжсан байна. Зарим хүн шинжилгээ өгөөд хариу нь гайгүй гардаг, тэгсэн хэрнээ зовиурлаад өвдөөд байна гэдэг. Мэдрэлийн гаралтай нуруу өвдөөд байна уу, эсвэл үнэхээр бөөр үү гэдгийг тогтоох хэрэгтэй. Бөөр, нуруу хоёр ойролцоо. Миний ажигласнаар кесавр хагалгаанд орсны дараа эмэгтэйчүүд нуруу нугасны мэдээ алдуулдаг. Үүнээс хойш 3-4 жилийн дараа нуруу, бөөр өвдөөд байдаг болчихдог. Нугасны мэдээ алдуулж, тодорхой хэмжээнд ойр орчмын эд эсийг үхүүлж байх мэдрэгжүүлэлт алдах магадлал өндөр байдаг.
-Бөөр шилжүүлэн суулгах талаар мэдээлэл өгнө үү?
-Улсын нэгдүгээр эмнэлэгт анхны шилжүүлэн суулгалтыг 1996 онд хийсэн. Хоёр ихэр эгчээс нь дүүд өгсөн. Тэр үед би координат эмч нь байсан. Үүнээс хойш 300 гаруй бөөр шилжүүлэн суулгасан байна. Манай “Улаанбаатар-Мед” Япон, Монголын хамтарсан эмнэлэг 2015 оноос хойш 20 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгахад бэлтгэж туслалцаа үзүүлсэн. Энэ эмчилгээг Монголд хийсэн нь бөөр судлалын шинжлэх ухаанд оруулсан хамгийн том хувь нэмэр байлаа. Манай улс бөөр судлалаар дэлхийн хэмжээнд мөр зэрэгцэн алхаж чадаж байгаагийн нэг үзүүлт гэж ойлгож байгаа. ДЭМБ-аас ч тэр шинжлэх ухааны түвшингийн дээд оргил нь шилжүүлэн суулгах гэж үздэг. Бөөрнөөс гадна элэг, чөмөг, хавдар, нүдний доноруудыг шилжүүлэн суулгаж байна, манай улс. Үүнээс хамгийн амжилттай яваа нь бөөр гэж боддог.
-Бөөр шилжүүлэн суулгахад заавал нэг гэр бүлийн хүн байх ёстой юу?
-Бөөрний донорын тухай хууль гарсан. Энэ хуульд бөөрний донор болох хүн эцэг, эх нэгтэй, цусан төрлийн холбоотой хүн байх ёстой. Хоёр дахь нь кадавр донор байж болно гэж. Энэ нь тархи нь үхэжсэн аппаратанд байгаа хүнд өвчтөнөөс авахыг хэлдэг. Өнгөрсөн жил зургаан хүнээс кадавр донор авч 8-10 хүнд суулгасан гэж уншсан. Гэхдээ ар гэртэй нь ярьж зөвшилцдөг. Бөөр шилжүүлэн суулгалтыг улсаас даадаг болсон. Бөөрний хиймэл аппаратанд орж байгаа 500 гаруй хүн байгаа бөгөөд тэд бүгд кадавр донорт бүртгүүлсэн байдаг.
-Монголд хийдэг юм бол хүмүүс яагаад гадаад руу явдаг вэ?
-Зарим технологи нь орж ирээгүй байх шиг байна л даа. Тухайлбал, өөр бүлгийн цустай, В,С вирустэй, сахарын өвчтэй хүнд бөөр шилжүүлэн суулгахад тусгай технологи хэрэгтэй. Түүнээс биш монгол эмч нар судас залгаад оёчих хангалттай туршлагатай. Бөөр шилжүүлэн суулгасны дараа маш нарийн хяналт шаардлагатай байдаг. Нэг гоё юм хэлье. Архаг дутагдалтай хүн аппаратанд ороход ямар ч шээс гардаггүй. Хүн шээхгүй байна гэдэг сэтгэлзүйн хувьд ямар хүн байх вэ. Харин шилжүүлэн суулгасны дараа шууд шээгээд эхэлдэг. Тэр бол дахин төрж буй мэт мэдрэмж байдаг гэж манай өвчтөнүүд хэлдэг. Шинэ бөөрийг удаан хугацаанд тогтоохын тулд мэдээж байнгын эмийн хамааралтай болно. Сайн хяналттай байхгүй бол ховхрох магадлалтай. Гэхдээ маш бага хувьтай, тухайн хүнээс л хэр зэрэг гамтай байх вэ гэдгээс шалтгаална.
-Монголд биобси хийлгэсэн зарим хүний хариу нь тодорхой гардаггүй юм билээ. Тэгээд л гадаадыг зорьдог гэсэн?
-Биобси хийдэг электрон микроскоф нь байхгүйгээс 50 хувь оношилж байгаа. Улс авч өгөхгүй байгаад асуудал байгаа. Би гайхаад л байгаа, тоног төхөөрөмж дутуу байж яагаад биобси хийгээд эхэлчхэв гэж. Энэ бол эмч нарын мууд оношилж чадахгүй байгаа юм биш, технологи нь байхгүй учраас гүйцэд оношилж чадахгүй байгаа. Хэрэв байсан бол үүнийг гурван янзаар үздэг юм. Нэг юм нь дутуу гэсэн үг.
-Бөөрний өвчтэй эмэгтэйчүүд төрж болох уу?
-Бололгүй яах вэ, төрсөн тохиолдлууд зөндөө бий. Түүдгэнцрийн үрэвсэлтэй хүний жирэмслэлтийг яаж удаан хугацаанд зовиур, шаналалгүй төрүүлэх удирдамжууд байгаа.
-Энэ удамшдаг өвчин үү?
-Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл хэзээ ч удамшихгүй. Төрөлхийн генийн хромсомын холбоотой хэд хэдэн нефротик шинжүүд бий. Тийм зүйлгүй л бол зүв зүгээр.
-Та хэдэн оноос хойш бөөрөөр дагнан ажиллаж байгаа вэ?
-Би 1994 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. 1994-2014 оныг хүртэл 20 жил Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр судлалын клиникийн тасагт эмчээр, 1996 оноос нарийн мэргэжил эзэмшиж, үүнээс хойш 26 дахь жилдээ бөөрөөр дагнан ажиллаж байна.
-Бөөр өвдөж эхэлж байгаа үеийн шинж тэмдгүүдийг нэрлэнэ үү?
-Шээс ойр ойрхон хүрэх, үлдэж байгаа юм шиг санагдах, шөнө шээх, дүлүүлэх, өнгө өөрчлөгдөж байгаа эсэхийг маш сайн ажигла. Хоёрдугаарт, хүн уусныхаа хэмжээгээр шээж чадаж байна уу, ууц нуруу чилж өвдөж байна уу гэдэг. Бөөр заавал бактер, үрэвслийн гаралтай өвдөггүй. Сунасан бол, даралт ихтэй удаан явбал, сахарын өвчтэй байвал бөөр өвддөг. Тэгэхээр өөрийгөө сайн ажигла, урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчид ханд гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"