Ангилал:
Дэлхийн усны өдөр - 2020 “ Ус ба уур амьсгалын өөрчлөлт”

1993 онд НҮБ-ийн чуулганаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. НҮБ-аас 2020 оны Дэлхийн усны өдрийг “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.
Усны өдрийн гол зорилго нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахын тулд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зэрэг устай холбоотой олон асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулахад оршдог.
Усны асуудлаар өнөөдөр бидэнд тулгарч буй сорилтуудын цар хүрээг дараах тоон үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Үүнд: НҮБ-ын Дэлхийн усны хөгжлийн тайланд дэлхийн хүн амын тэн хагас орчим буюу 3.6 тэрбум хүн усны хомсдолтой нөхцөлд аж төрж байгаа бөгөөд энэ тоо 2050 он гэхэд 5 тэрбумд хүрнэ хэмээн дурджээ. Үүгээр зогсохгүй өнөөдөр дэлхийн хүн амын усны хэрэглээ жилд 4,600 км3 байгаа бөгөөд энэ тоо 2050 он гэхэд 5,500 км3 буюу 6,000 км3-т хүрнэ хэмээн тооцоолжээ.
Манай оронд сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын температурын жилийн дундаж хэм 2,250С-ээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлтөөс (0,850С) хэд дахин өндөр байгаа юм. Судалгаагаар 1971 оны байдлаар нийт газар нутгийн 63 хувьд олон жилийн цэвдэг тархсан гэж үзэж байсан бол 2016 онд 29.3 хувь болоод байгааг тогтоожээ. Манай улсад цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл жилд дунджаар 54 удаа тохиодог ч сүүлийн 20 жилд давтамж нь хоёр дахин нэмэгдсэн байна.
Мөстөл, мөсөн голд агуулагдаж буй усны нөөц 2017 онд 19,4 км3 байсан бол цаашид 2020 оны үед 15,2 км3, 2025 онд 14,2 км3, 2030 онд 13,0 км3 тус тус буурах төлөвтэй байна.
Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайшилт эрчимтэй явагдаж байгаагаас олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм хатаж ширгэн газар хөрс, бэлчээр доройтож байна.
Усны тоо бүртгэлийн 2019 оны дүн, мэдээнээс үзэхэд улсын хэмжээнд 1254 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэж, үүнээс 446 буцаж сэргэсэн байна. Тухайлбал, Дорнод аймагт 143 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэж, 77 сэргэсэн бол Баянхонгор аймагт 29 ширгэж, 40 сэргэжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эдгээр үр дагаврыг тооцсон, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, учруулах дарамт, эрсдэлийг багасгах, сааруулах аливаа өөрчлөлтөд бага өртөх дархлаа бий болгоход чиглэсэн дасан зохицлын арга хэмжээг улс орны эдийн засаг, нийгмийн салбар бүрд тодорхойлон, хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, устай холбоотой судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, эдгээр асуудлыг байгаль орчин, ус, бусад салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай.