2024-04-25
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Нийгэм

Цаг уурын түүхийг бүтээлцсэн гэр бүл

2020-03-23 12:06:40

Маргааш тэнгэр ямар байхыг урьдчилж зарладаг байгууллагыг  Цаг уурын байгууллага хэмээн өнгөцхөн ойлгодог ч цаг уурын үүсэл, хөгжил сав ертөнц болсон эх дэлхий хэмээх гариг дээр амьдарч байгаа амьтай бүхэнд хамааралтай  өргөн ойлголт юм. Дэлхийд нэг л хилээр ойлголцож  ажлынхаа үр дүнг өдөр бүр олон нийтэд шалгуулж байдаг. Нэг үндэстний хүрээнээс хальж  хамгийн энгийнээр хэлэхэд цаг уурын мэдээний кодыг аль ч улсын цаг уурын мэргэжилтэн тайлж уншдаг мэргэжил бол цаг уурч юм.

Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан мэргэжилдээ хайртай, туйлын үнэнч, нэгэн эрхмийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьж хөөрөлдсөн юм. Тэр хүн бол цаг уурын салбарт 42 жил ажиллаж гавьяаныхаа амралтад суугаа Завхан аймгийн Цэцэн сартуул хошууны одоогийнхоор Эрдэнэхайрхан сумын уугуул, ахмад цаг уурч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт  Д.Цээсодролцоо юм.

КОД ТАЙЛЖ СУРСАН НЬ ЭНЭ САЛБАРТ АЖИЛЛАХ ЭХЛЭЛ БОЛЖЭЭ

Энэтхэг улсын цаг уурын автомат станц. 1995 он.
Зочинтойгоо Ус, цаг уур орчны шинжилгээний газарт уулзахаар цаг товлон очлоо. Цагаан куртик, хар бүрх малгайтай дунд зэргийн нуруутай дэгжин байрын хөнгөн шингэн эрэгтэй биднийг тосч мэнд мэдэлцээд “Манай гэр энүүхэн ойрхон. Гэр рүү очихоос өмнө манай  ахмадын өрөөгөөр ороод гарах уу” гэлээ.Тэрээр өндөр насны тэтгэвэрт суусан ч Ус, цаг уур орчны шинжилгээний газрын ахмадын хорооны даргын албыг хашиж залуу үеэ бэлтгэж сургахад хүчин зүтгэж байгаа гэсэн.
Нутгаасаа  шуудангийн 53 машинд сууж дөрөв хонож хотод иржээ.
Ахмадын өргөөний ажилтай нь товчхон танилцаад тэдний гэр рүү алхсан юм. Тэрээр энэ л замаар ажил гэр хоёрын хооронд 40 гаруй жил  алхаж байгаа  хэмээсэн. Гүйх шахам явах түүнийг  гүйцэх гэж ард нь бараг шогших шахуу явсаар “Тэнгис” кино театрын ойролцоо байх тэднийг ирсэн.

Гэрийн босгоор алхах зуурт  “буурал аав, буурал аав” гэж дуудах хүүхдүүд биднийг угтан авсан юм. Гэрийн эзэгтэй Б.Цэвэлмаа эгч хоол цай бэлтгэх зуур бидний яриа эхлэв.

Завхан аймгийн Эрдэнэ­хайрхан суманд 1949 онд малчин ард Дашдоржийн ууган хүү мэндэлсэн нь манай нийтлэлийн баатар Д.Цээсодролцоо. Ууган хүү араасаа таван дүү дагуулжээ. Бүгд л багаасаа мал маллаж сумын сургуульд суралцаж төрөл бүрийн мэргэжил эзэмшжээ. Хожим хотод сууршиж, ээж Б.Долгоржав нь Уртцагааны Эрэгтэйчүүдийн барааны дэлгүүрт үйлчлэгч хийж хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөжээ. Хамгийн бага дүү нь өдгөө 55 настай. Над шиг  буурал толгойтой дөрвөн өвгөн байна даа хэмээн  хуучилсан.
Тэрээр Улиастай хотын 10 жилийн сургуулийг 1967 төгсч ЗХУ-д суралцах хэлний бэлтгэлд тэнцэж Улаанбаатар хотыг зорьсон. Нутгаасаа  шуудангийн 53 машинд сууж дөрөв хонож хотод иржээ. Гэвч тэрээр хэл сурч жил алдаж байхаар МУИС-ийн математикийн ангид суралцъя гэж бодсоор очтол анги нь дүүрч харин цаг уурын ангид нэг орон тоо байна гэснээр элсчээ. Тухайн үед цаг уур гэж юу байдаг тухай бараг ойлголтгүй байжээ. 1969 онд II курст орсон жилээ Өмнөговь аймагт  “Орос Монголын геологийн экспедиц”-ийн группт орж гурван зун ажиллажээ.
Тухайлбал, бид энд ажиглалт хийж байхад Африкт  нэг нөхөр яг нэг цагт бас нэг л арга зүйгээр ажиглалт хийнэ.

Эндээс л цаг уурын анхны мэдлэг олж хэрхэн ажиглалт хийдэг талаар мэдлэгтэй болж мэргэжилдээ шунан дурласан гэдэг. Цаг агаар зарладаг хүн л цаг уурт ажилладаг гэсэн ойлголттой хүүхэд байлаа. Гэтэл дотор нь орсноор цаг агаарыг урьдчилж  тооцоолж дүйцүүлж хэлнэ гэдэг нарийн ажиллагаа байсан. Одоогийнхтой адил тооцоолох техник гэж тэр үед байгаагүй. Бүх мэдээ инженерийн толгойгоор гарна.

Нэг онцлог нь дэлхий нийтээр нэг цагт нэгэн зэрэг бүх ажиглалтаа хийдэг. Ажиглалт хийх бүх аргазүйг Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргадаг. Тухайлбал, бид энд ажиглалт хийж байхад Африкт  нэг нөхөр яг нэг цагт бас нэг л арга зүйгээр ажиглалт хийнэ. Манай улс дэлхийн хойд өргөрөгийн цаг уурын станцуудын мэдээг авдаг. Тэгээд хоорондоо мэдээллээ солилцоно. 10-15 минутын зайтай дэлхийн аль ч өнцөгөөс тухайн цагт хийсэн мэдээ ирнэ. Өдөр бүр найман удаа 08:00, 11:00, 15:00 цаг гээд гурав гурван цагийн зайтай хийнэ.

Бүх мэдээллээ дэлхий нийтээр солилцдог. Энэ бүх мэдээллээ инженерүүд зурж цаасан дээр буулгадаг. Дэлхийн атласт үүл бүрийг  хэлбэр дүрсээр таньж кодлодог. Дэлхий нийтээр бие биенийхээ хэлийг мэдэхгүй учраас кодын системээр таньж нэвтрэлцэнэ. Тэрхүү кодоор аль ч орны цаг уурч цаг агаарын мэдээг тайлж уншина. Цаг уурын талаар ямар ч төсөөлөлгүй байсан тэр оюутан болж дадлага хийснээр код тайлж унших аргад суралцсан нь түүнийг энэ салбарт насаараа ажиллах эхлэл болсон гэдэг.
Дэлхий нийтээр бие биенийхээ хэлийг мэдэхгүй учраас кодын системээр таньж нэвтрэлцэнэ. Тэрхүү кодоор аль ч орны цаг уурч цаг агаарын мэдээг тайлж уншина.

Тэрээр 1972 оноос  Ус цаг уурын албаныг удирдах газар, Дорнод аймгийн Ус цаг уурын товчоо, Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар, Байгаль орчныг хамгаалах яаманд байцаагч, мэргэжилтэн, албаны орлогч дарга, 1996 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын ерөнхий байцаагч, хэлтсийн дарга, газрын дэд даргын албан тушаалыг хашиж төрийн захиргааны байгууллагад тасралтгүй 42 жил ажиллалаад 2014 онд өндөр насныхаа тэтгэвэртээ гарсан, 2016 оноос “Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв ТББ”-ын тэргүүн бөгөөд гүйцэтгэх захирал, Ус, цаг уур, орчны шинжилгээний  газрын Ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байна.

ЦАГ УУРЫН АНГИД УЧИРСАН ХОЁР

Гэр бүлийн хамт 1985 он.
Бидний яриа цааш үргэлжилж “Тэнгэрийн байдлыг ажиглаад маргааш ямар байхыг богино хугацаанд хэлчихнэ гэдэг цаг уурч хүний бахархал юм”  хэмээгээд түүнээс энэ тухай асуухад тэрээр “ Богино хугацааны мэдээг хэлдэг хүн бол манай гэргий шүү дээ” гэлээ. Түүний гэргий Б.Цэвэлмаа бидэнд цай барих зуур ярианд орж ирлээ. 1967 оны намар МУИС-ийн цаг уурын ангид элсэн орсон 16 оюутны нэг нь Баянхонгор аймгаас ирсэн хөөрхөн охин Б.Цэвэлмаа байжээ.
Том ач нь 20 хүрч байгаа бол бага зээ өнгөрөгч жил мэндэлж баярт үйл явдал тохиолдсон гэж хоёр буурал хуучлав.

Оюутан цагаасаа нэг ангид суралцсан Цээсодролцоо Цэвэлмээ хоёр ижилдэн дасч хожим гэр бүл болсон гэдэг. Бурхан цаанаас нь учруулсан гэлтэй. Эхнэр нь айлын ганц охин байсан болохоор сургуулиа төгсөх үед аав ээж хоёр нь охин нь хаана байна бид хамт байна гэсээр хотод ирцгээснээр Цээсодролцоогийнх гэдэг айл гал голомтоо бадраажээ. Эднийх дөрвөн сайхан хүүхэдтэй. Хоёр хүү, хоёр охинтой. Том хүү Ц.Цэвээндорж хувиараа бизнес эрхлэгч, дөрвөн хүүхэдтэй.

Том охин Ц.Энхмаа нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанд ажиллаж гурван зээ төрүүлж өгчээ. Бага охин Ц.Ариунаа нь япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Одоо эрүүл мэндийн чиглэлээр Япон улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй. Хоёр хүүхэдтэй. Харин бага хүү нь гэртээ. Ханилснаасаа хойш 48 жил амьдарч байгаа Монголын бахархам гэр бүлүүдийн нэг юм. Есөн ач,зээтэй.

Том ач нь 20 хүрч байгаа бол бага зээ өнгөрөгч жил мэндэлж баярт үйл явдал тохиолдсон гэж хоёр буурал хуучлав. 1972 онд сургуулиа төгсөх үед Д.Цээсодролцоо Ус цаг уурын албаныг удирдах газар Б.Цэвэлмээ Ус цаг уурын хүрээлэнгийн  урьдчилан мэдээлэх хэлтэст тус тус ажиллахаар болсон гэдэг. Б.Цэвэлмээ “Бидний үед цаг агаарыг урьдчилан мэдээлнэ гэдэг том цаасан дээр харандаа баллуур барьж зураг зурна. Зурсан зургийн дагуу инженерүүд кодчилж урьдчилсан мэдээг гаргадаг байлаа.
Одоо найман цэгт өдөр бүр агаарын бөмбөлөгийг хөөргөдөг байна. Дунджаар 20 орчим км-т хөөрдөг. Хөөрч байх явцдаа төв рүүгээ сигнал  мэдээгээ өгдөг. Нэг удаа хөөргөхөд нэг сая төгрөгийн зардал гардаг аж.

Одоонийх шиг бүх зүйл тоонд шилжээгүй үед яг л мэдээ авах цагт бэлэн байдалд чиглэлийн дагуу бүгд зураг зурцгаана. Хэдэн ч харандаа хадан ч баллуур дуусгасныг хэлэх аргагүй. Одоо ч тоон технологид шилжээд  сайхан болжээ” гэлээ. Эдний ангиас тэр үед гурван хос гарч гэр бүл болсон гэдэг.

Л.Раднаа Н.Ложоо, Г.Самбуу Ж.Наранцэцэг, Д.Цээсодролцоо Б.Цэвэлмээ гэсэн гэр бүлүүд ус цаг уурын салбарын нэгэн үеийн төлөөлөл болжээ. Тэдэндээ болон үе үеийн цаг уурын албанд зүтгэсэн хамт олон найз нөхөд ахмадууддаа энэ өдрийн баярын мэндийг  тэдний зүгээс хүргэснийг энэ дашрамд дамжуулая.

Цээсодролцоо гуай зарим нэг сэтгэлд тод үлдсэнээ ийн хуучлав.  Социализмын үед ЗХУ-аас хиймэл дагуулын аппарат, агаарын бөмбөлөг буюу шаар, бусад бүх л хэмжих багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг захиалгын дагуу ирүүлдэг байж. Тэдгээрийг аймаг сум бүрт хуваарилна. Нэг удаа Орос руу хийсэн захиалгад Хятадын шаар буюу бөмбөлгүүд иржээ. Метрийн диаметртэй  100-гийн гэж нэрлэдэг агаарын бөмбөлөгийн оронд  жижиг өнгө  өнгийн шаар граммаар иржээ. Анх удаа харж байсан болохоор маш сонирхолтой байж.

Нэг дор хэд хэдээр нь  нийлүүлж устөрөгчөөр хийлж хэмжлийн багажаа зүүж хөөргөдөг болжээ. Оросын  шаар зузаан нассосоор хийлэдэг хатуу учраас зөөллөх гээд маш их ажиллагаа ордог байсан бол хятадынх бүр амар байж. Одоо найман цэгт өдөр бүр агаарын бөмбөлөгийг хөөргөдөг байна. Дунджаар 20 орчим км-т хөөрдөг. Хөөрч байх явцдаа төв рүүгээ сигнал  мэдээгээ өгдөг. Нэг удаа хөөргөхөд нэг сая төгрөгийн зардал гардаг аж. Ер нь цаг уурын байгууллагын ихэнх төсөв, зардал багаж хэрэгсэлдээ зарцуулагддаг аж.

ЗУРАГ ЗУРЖ ШИНЖИЛДЭГ ҮЕ ТҮҮХ БОЛОН ҮЛДЖЭЭ

“Ус, цаг уурын хөгжлийн дэмжих төв” ТББ-ын тэргүүн Д.Цээсодролцоо.

Манай урлагынхан алтан үеийнхэн гэж ярьдаг шиг бүх л салбарт ч алтан үеийнхэн байсан. Тэр үеийн сэхүүтнүүдийг улс маш сайн  сургасан. Салбар бүрт үе үеийн мундагууд байлаа. Манай газрын дарга Д.Түвдэндорж орлогч нь Д.Хоржав, Б.Мягмаржав, Ш.Жадамба, Р.Мижиддорж нар цаг уурын байгууллагыг хөл дээр нь босгосон алтан  үеийнхэн. 1890 онд манайд Оросын цагаан хааны лам нарын ажиллуулж байсан  цаг уур гэж байсан тухай түүхэнд бичигдсэн байдаг.

Гэхдээ 1936 оноос Оросын Эрхүүгийн  цаг уурын товчооны харьяа  салбар байгуулагдаж тасралтгүй ажиллаж 1958 оноос монголчууд бие даан ажиллах болж мэргэжилтнүүдээ  урьдчилан бэлтгэсэн аж. Одоо ч тэд уулзан учирч бие биеэ ярьж хөөрөлдцгөөдөг гэсэн. Чадвартай мэргэжилтнүүд энэ салбарын үндэс суурийг сайн тавилцсан учраас дэлхийн хөгжлөөс хоцроогүй зэрэгцэж яваа салбар. Дэлхийн цаг уурын байгуулагаас өгсөн заавар, багаж, хэрэгслээр ажиглалтыг хийдэг учраас хоцрох боломж үгүй.

Манай улс 1966 онд дэлхийн цаг уурын байгууллагад нэгдсэн. 1975-1990 онд Дэлхийн байгууллагаас дэмжлэг авч, бүх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөө шинэчилж, боловсон хүчнээ бэлтгэсэн нь нэг дэх шинэчлэл байжээ. Хоёр дахь шинэчлэл нь зайнаас шинжлэх системд шилжсэн аж. Одоо 21 аймаг бүх суманд байрлах харуулын  цэг дээрээс үүлний хэмжилтийг хийхээс бусад бүх салхи, темпертур, чийгшил зэргийг 24 цагийн турш тасралтгүй хэмжиж байна. Ингэснээр мэдээний чанар сайжирч хувь хүнээс гарах алдаа багасчээ. 
Ер нь Монгол орны бүх аймаг сум бүрт 2-3 удаа очиж ажилласан гэдэг.

Мэдээллийг цуглуулж боловсруулах систем хүртэл автомат горимд шилжсэн. Зураг зурж шинжилдэг үе түүх болон үлджээ.Тухайлбал, цаг уурын мэдээгээ авч зураг зурж байх үед нэг тоо буруу бичсэн байсан ч гэсэн баллуурдах эрхгүй зураас татаад зөв тоогоо тавьдаг байсан гэх. Учир нь анхны ажиглалтаар тавьсан тоог баллуурдахаас эхлээд маш нарийн ажиллагаа шаарддаг байсан гэж тэрээр ярьж байв.

Д.Цээсодролцоо нь их сургууль төгсөж ирээд ажиллах хугацаандаа ус цаг уурын ажиглалтын технологи, арга зүйгээр дагнан мэргэшиж ажиллахын зэрэгцээ  энэ салбарын технологи, арга зүйн  удирдлагын асуудлыг хариуцан ажиллаж ирсэн туршлагатай нэгэн. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн 150 гаруй цаг уурын алба, 183  харуулын цэг бүрт очиж ажилладаг, техникч, мэргэжлтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх, багаж тоног төхөөрмжийн засвар, тохиргоо, хангалт гээд зуны саруудад гэртээ  байх нь ховор.

Ер нь Монгол орны бүх аймаг сум бүрт 2-3 удаа очиж ажилласан гэдэг. Түүнийг хөдөө орон нутгийнхан нь Содролцоо дарга хэмээн авгайлж өөрийн харуул бүрт ирүүлж  ажил төрөл ажиглалтыхаа заавар зөвлөгөөг авах багаж тоног төхөөрөмжийн тохиргоог хийлгэх гээд булаацалдаг байсан гэдэг. Тэр үед утсан холбоо муу радио холбоогоор мэдээгээ солилцдог байж. Нэг хэсэг өглөөний 05:00 цагийн мэдээг олон газар тасалджээ. Өнөөдүүл чин унтсан  байна гээд шүүмжилж өгчээ.

Гэтэл радио долгион тасалддаг газрууд байсныг мэдэхгүй байсантай холбоотой байсан аж. Одоо хиймэл дагуулаа хөөргөчөөд цайгаа уугаад ирэх хооронд бүх мэдээ бичигдэж  боловсруулагдсан байдаг болж дээ. Техно­ло­гийн хөгжил гэдэг гай­хам­шиг юм даа гэж байв. Д.Цээсодролцоо нь 1972-1976 онд Дэлхийн цаг уурын байгууллагын Мон-71-512 төслийн хүрээнд ус цаг уурын ажиглалтын сүлжээг өргөтгөж, шинээр байгуулах, шинэчлэн тоноглох ажлыг нөхдийн хамт биечлэн гүйцэтгэсэн юм.
Энэ хугацаанд тэрээр дэлхийн 10 гаруй оронд очиж цаг уурын станцуудтай танилцаж турш­лага хуримтлуулсан гэдэг.

Түүнчлэн ус, цаг уур орчны хяналт шинжилгээний тухай, Агаарын тухай хууль зэрэг, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар төрөөс хэрэгжүүлэх  хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж албаны хэм­жээнд мөрдөх эрх зүйн баримт бичгийн төслийг боловс­руулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

Мөн системийн хэмжээнд мөрдөх технологийн баримт бичгийг шинээр боловсруулах, хянах үүрэг бүхий “Ажиглалт аргазүйн зөвлөл”-ийг 1993 оноос хойш тэтгэвэрт гартлаа удирдан ажиллаж,  ус цаг уур, орчны шинжилгээний ажиглалт, материал боловсруулалтын бүх зааврыг Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөмжийн дагуу боловсруулах, олон улсын АК-01 коодыг орчуулах, хянах ажлыг бие даан хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд энэ заавруудыг мөрдөн ажиллаж байна.

Сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан цаг уурын өртөө, харуулын цаг уурын ажиглалтын материалын боловсруулалтыг  цахим хэлбэрт шилжүүлж  төв, орон нутгийн мэргэжлийн бай­гуул­лагуудад  техни­кийн болон онолын шал­галт хийх хугацааг хоёр дахин багасгаж, хүний буруу­гаас гарах субъектив алдааг арилгах, цаас бага хэрэглэдэг технологид шилжүүлжээ. Энэ хугацаанд тэрээр дэлхийн 10 гаруй оронд очиж цаг уурын станцуудтай танилцаж турш­лага хуримтлуулсан гэдэг.

ШИЛЖИЛТЫН ХҮНД ЦАГ ҮЕИЙГ ЭХНЭР МИНЬ Л АВЧ ГАРСАН

1990 оны шилжилтын үе сэхээтнүүдэд хүнд туссан гэдэг. Б.Цэвэлмаа ярихдаа “Зах зээлийн нийгэмд шилжих  үед бидэнд хурааж хумьсан зүйл юм байх биш. Байснаас 1984 онд улсаас өгсөн хоёр өрөө энэ байрнаас өөр зүйл байсангүй. Цалингаар амьдрах хүнд болж бүх зүйл картын бараанд шилжиж  хүүхдүүдээ тэжээхийн тулд нөхөр ажилдаа үлдэж би 45 насандаа тэтгэвэрт гарч хувийн жижиг бизнес хийхээр лангуу түрээслэсэн дээ. Олны жишгээр ямар ч байсан дөрвөн хүүхдээ сургуульд сургаж хөлийн дөрөөнд хүргэсэн” гэсэн юм.
Одоо тэрээр өдөрт 4000-5000 удаа алхдаг гэж байлаа. Ажил, гэрийн хоёрын хооронд насаараа явган явсан.

Эднийх байрандаа ортолоо аав ээж, хадам аав ээж гээд хашаандаа таван гэрээрээ айлсаж байдаг байсан аж. 1975 онд том охин төржээ. Д.Цээсодролцоо гуай нэг өдөр томилолтоос иртэл гэрийнх нь бүслүүрт хүүхдийн даавуу угаагаад тавьсан байж гэнэ.

Юун хүүхдийн даавуу байдаг билээ гээд бодож ортол эхнэр нь дөнгөж нярайлсан байжээ. Зарим үед ар гэрийн амьдралаа умарттал гэрийн бараа харахгүй ажил гэсээр явж байж дээ. Ханьдаа л их баярладаг. Энэ хэдэн хүүхэд, ар гэрийг минь нийгмийн шилжилтын хүнд цаг үед эхнэр минь л авч гарсан хэмээн хуучилсан.

Одоо тэрээр өдөрт 4000-5000 удаа алхдаг гэж байлаа. Ажил, гэрийн хоёрын хооронд насаараа явган явсан. Хоёр зээгээ хичээл сургуульд нь зөөж ажлын байр руугаа гээд явахад өдөрт энэ орчим алхалт хийдэг гэсэн. Коронавирус гараад гадуур алхах хумигдаад жаахан тиймхэн байна гэж байлаа. Хүүхдүүдээ ажлаа чин сэтгэлээсээ хийж, хариуцлагатай, үнэнч байхад бүх зүйл аандаа сайхан болдог доо хэмээсэн. 

Цаг уурч гэдэг мэргэжил байнга өсч дэвшиж байхыг шаарддаг онцлогтой мэргэжил. Дэлхий нийттэй хөл нийлүүлж алхах ёстой байдаг. Энэ нь хувь хүнийг хурцалж өгдөг, чадавхижуулж байдаг. Цаг уурын хөгжлийн бүх шатанд шинэ техник технологи нэвтрүүлэх, шинэ ажлын эхлэлийг тавих гээд тоочих юм бол зөндөө олон дурсамж бидний, миний сэтгэлд тод үлджээ гэлээ.


Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин