2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Нийгэм

Тусгай үүргийн онгоцонд ямар хүмүүс суух вэ...

2020-04-03 12:27:56

Мэдээж хүүхэд, хөгшид, мэс засалд орсон, жирэмсэн болон эрүүл мэндийн шалтгаантай иргэнийг тусгай үүргийн онгоцонд тэргүүн ээлжинд суулгана. Гэхдээ “Титаник” киноноос мэднэ дээ, амьд гарахын тулд хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүч чадалтай нь аврах завинд суухын тулд эцсийн зоосоо шавхахад ч бэлэн байдаг. 

Улсын ерөнхий сайд, холливуудын супер од, алдартай жүжигчин, хөлбөмбөгийн багийн эзэн гээд халдвар хэнийг ч үл ялгахыг бид энэ өдрүүдэд дэлхийн мэдээнээс бэлхнээ харж байна. Монгол хүний хувьд хамгийн эрсдэл багатай “хоргодох” газар бол Монгол эх орон минь учир харьд суугаа элэг нэгтнүүд нутгаа зорьж буй билээ. 
Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс хойш тусгай үүргийн таван удаагийн нислэгээр коронавирусийн халдварын бүсээс 1015 иргэнээ авчирлаа. Дөрөвдүгээр сарын 2-ны орой Сөүлийн онгоц газардсан бол 3-ны орой Токиогийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” нисэх буудалд ирнэ. 
Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингийн гуравдугаар сарын 26-нд өгсөн мэдээллээр 4805 иргэн ЭСЯ-аараа дамжуулан эх орондоо буцахаар бүртгүүлжээ. Энэ тоо өдгөө нэмэгсэн үү гэхээс буураагүй нь тодорхой. Гадаадаас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн 50 хувь нь БНСУ-аас ирэх иргэд байв. Иргэд хамгийн олноор бүртгүүлсэн учир БНСУ руу хоёр онгоц явуулахаар хуваарь гаргасан ч халдварын аюулгүй байдлыг хангах, тусгаарлах байранд хүлээн авах боломжоо харгалзан одоогоор нэг нислэгийг нь цуцлаад буй юм.  
Хүний нутагт хөл хорионд удсанаас мөнгөө шавхаж, орон байр, хоногийн хоолны мөнгөө арай ядан залгуулж, халдварын өндөр эрсдэл дунд өдөр хоногийг өнгөрүүлж буй жирийн иргэдэд тулгарах эрсдэлийг бодитоор үнэлж, эхний боломжийг тэдэнд олгооч!
Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд олон мянга ч гэлээ хүссэн зоргоор гүйцэлдүүлэх боломжгүй байгаагаа Засгийн газрын тэргүүн учирласан. Европын ихэнх орон гадаадын нислэг хүлээн авахгүй байгаагийн дээр манай улстай агаарын тээврийн хамтын ажиллагааны гэрээгүй бол бүр боломжгүй ажээ.  
Асуудал ийм хүнд байхад эрхтэн дархтанууд онгоцны тийз атгаж, арга тасарсан иргэдийнхээ өмнө гишгэж байгааг харахад сэтгэл эмзэглэнэ. Тусгай үүргийн онгоцонд багтаагүй, үл мэдэгдэх шалтгаанаар онгоцонд сууж чадаагүйдээ гомдож, цөхөрсөн иргэд цахим орчинд болон GoGo.mn сайтад ч учир байдлаа бичин, лавлаж тодруулж өгөхийг хүссэн асуулт илгээж байна. 

Өнөө орой газардах Токиогийн онгоцонд эрүүл мэндийн шалтгаантай 10, жирэмсэн 4, бага насны хүүхэдтэй гэр бүл 36, дамжин өнгөрөх 50, бусад 120 хүн байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлсэн. “БУСАД” гэх ангилал хамгийн их анхаарал татна. 

Хүний нутагт хөл хорионд удсанаас мөнгөө шавхаж, орон байр, хоногийн хоолны мөнгөө дөнгөн данган залгуулж, халдварын өндөр эрсдэл дунд өдөр хоногийг өнгөрүүлж буй жирийн иргэдэд тулгарах эрсдэлийг бодитоор үнэлж, эхний боломжийг тэдэнд олгооч!

Вирусийн халдвар хэнийг ч ялгахгүй ч эрх дархтай, эдийн засгийн эрх чөлөөтэй нь хэсэг нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах арай урт хугацааны чадамжтай байж таарна. Онгоцоор ирсэн иргэдийн нэрсийг зарлах нь хууль дүрэмд харш гэх халхавчийн цаана ямар эрхтэн дархтанууд нуугдаж байна вэ?  

Эх сурвалж: gogo.mn