2024-05-14
АНУ-ын доллар 3,381.57₮
Ангилал: Улс төр

МАН-ын бүлэг шуурхай хуралдаж юу хэлэлцэв?

2018-10-11 11:51:05

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой 17:00 цагт ээлжит бусаар хуралдсан. Тус хуралдаанаар 2019 оны төсвийн төсөлд гишүүдийн тойрогт харилцан адилгүй санхүүжилт хуваарилсан асуудлыг хэлэлцсэн байна. УИХ дахь МАН-ын бүлэг дотор Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан төсвийн ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой зардлуудыг хянан үзсэн байна.
Ажлын хэсгийн гишүүдээс “Увс аймгийн нэг тойрогт 50 тэрбум орчим төгрөг хуваарилсан атал Нийслэлээс сонгогдсон гишүүний тойрогт 1 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн нь шударга бус явдал. Сонгуулийн жил ойртож байхад ямар ч гишүүн тойрогтоо бүтээн байгуулалт хийхийг чухалчилна. УИХ-ын гишүүдэд жигд боломж олгох ёстой” гэсэн байдлаар байр сууриа  илэрхийлсэн байна.
Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Д.Ганболд нарын гишүүд “33-ын бүлгийнхэнд их төсөв тавьж, М.Энхболдын талынхныг зориуд гадуурхлаа” гэсэн байдлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шүүмжилсэн байна. .
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн хуваарилалт дээр засалт хийх боломжгүй” гэсэн тайлбар хийжээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарим зардлыг эргэн харах, гишүүдийн тойрогт нэн шаардлагатай ажлуудыг нэмж тусгах тал дээр анхаарна хэмээн байр сууриа илэрхийлсэн байна