2024-05-05
АНУ доллар 3,381.24₮
Ангилал:

Б.Оюунсанаа: Иргэд хариуцлагатай байхгүй бол хуулийн дагуу хүлээлгэх шийтгэл нь чангарсан

2020-04-16 17:47:15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлжээ. Энэталаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.

 -БОАЖ-ын сайдын 176 дугаар тушаалаар ойн экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчилж байгаа.Чухам ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Шинэчлэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн шууд үр ашгийн үнэлгээнээс гадна, шууд бус үр ашгийн буюу ойн экологийн үйлчилгээ (ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрс хүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдол)-ний үнэ цэнийг нэмж тооцсонтой холбоотойгоор нэг шоо.метр модны үнэлгээ 2.7 дахин, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээ гурав дахин нэмэгдэж байгаа.
Ингэснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс жилд орон нутгийн төсөвт ордог дунджаар гурван тэрбум орчим төгрөг хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэнэ.
Харин ойд хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөлд Байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг гурав дахин нугалсантай тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр ногдох тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага ногдох нөхөн төлбөр, хариуцлага өндөр болж байгааг анхаарах хэрэгтэй. Цаашид үнэлгээ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын

2014 оны 307дугаар тогтоолоор баталсан “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр”- ийн хэмжээнд өөрчлөлт орно.
Жишээ нь, өнөөгийн байдлаар ойн нөөц ашигласны төлбөр (бид гоожин гэж ярьдаг)-ийн хэмжээ түгээмэл бэлтгэдэг хэрэглээний шинэс модонд дээд тал нь 24480 төгрөг байгаа бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан доод хувь болох зургаан хувиар тооцвол 34212, дээд хувь болох 30 хувиар тооцвол 171064 төгрөг, инфляцын хуримтлагдсан түвшнээр тооцвол 44.700 төгрөг болж тус тус нэмэгдэхээр байгаа юм. Гэхдээ төлбөр тооцох хувийг хамгийн тохиромжтой хувилбар болох хуримтлагдсан инфляцын түвшинтэй харьцуулан тогтоох тул аж ахуйн нэгж, иргэдэд төдийлөн их дарамт хүндрэл учрахгүй, мөн ойгоос мод бэлтгэхэд мөрдөж байгаа хөнгөлөлтүүд хэвээр мөрдөгдөхийн зэрэгцээ импортоор орж ирж байгаа мод, модон материалыг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тул дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл бий болохгүй.

-Манай орны газар нутгийн хэдэн хувийг ой мод эзэлдэг вэ. Жил ирэх тусам ойн хэмжээ багасч байгаа гэх мэдээлэл бий?

- Монгол орны ойн сан бүхий газар 18.5 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувийг эзэлдэг. Үүнийг газрын төрлийн ангиллаар нь авч үзвэл 12.4 сая га нь ойгоор бүрхэгдсэн, 5.6 сая.га нь ойгоор бүрхэгдээгүй, 543.9 мян га нь ойн сан доторх ойн бус талбайд хамаарч байна. Ойн сан бүхий газрын ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутагт харьцуулсан хувь буюу ойрхог чанар 7,9 хувь байна. 2017-2018 оны төлөв байдлын тайланг өмнөх хоёр онтой харьцуулахад ойн сангийн нийт талбай 133.6 мян.га-аар, нөөц 7.1 сая метр куб нэмэгдэж, сүүлийн жилүүдэд ойрхог чанарын эзлэх хувь тогтвортой хадгалагдаж, өсөх хандлага ажиглагдаж байна.

-Ер нь монголчууд ойгоо хэр зүй зохистой ашигладаг вэ?

-Монгол орны шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан олон зорилтот ойн тооллогын ажлыг явуулж дараах таван дүгнэлтийг гаргасан.
Нэгдүгээрт, ашиглалт болон хамгаалалтын бүсийн ойн үндсэн үзүүлэлтүүд хоорондоо ижил, нэг га ойн нийт нөөцийн 30 хувийг хатсан, унасан модны нөөц эзэлж байгаа нь Монгол орны ой бага ашиглагдсан байна.
Хоёрдугаарт, ойн нөөцийн ашиглалт бага байгаагаас үүдэн 30 хувь нь болц гүйцсэн, өтөлсөн модноос бүрдэж байна.

Гуравдугаарт, ойн өтгөрлийн үзүүлэлт нь 0.48 хувь байгаа нь ойн нөөц байж болох боломжтой хэмжээнээс доогуур байна.
Дөрөвдүгээрт, Монгол орны ойн 70 хувийг нэг төрлийн мод зонхилсон дан бүрэлдэхүүнтэй ой эзэлж байгаа нь гадны хүчин зүйлийн нөлөөнд маш эмзэг гэсэн үг.
Тавдугаарт, нэг га ойд 3000 ширхэг өсвөр мод байгаагийн 950 нь 150 cм-ээс дээш өндөртэй байгаа нь ой байгалийн аясаараа өөрөө сэргэн ургах чадвар сайтай гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр 1990-ээд оноос хойш баримталж ирсэн ойг зөвхөн хамгаалах бодлого баримталж, арчлах, цэвэрлэх, зүй зохистой ашиглах зэрэг ойн аж ахуйн арга хэмжээг орхигдуулж ирсний үр дагавар юм. 

Тиймээс цаашид ойн хатсан болон чанар муу, болц гүйцсэн, өтөлсөн ургаа модны ашиглалтыг нэмэгдүүлэх замаар жилд бэлтгэх модны хэмжээг өсгөх, залуу ойд арчилгааны огтлолт хийх замаар ойн бүтэц, чанарыг сайжруулах, байгалийн сэргэн ургалтыг зохицуулах замаар ойн модны зүйлийн бүрдлийг тохируулах зэрэг тухайн ойн онцлогт тохирсон зүй зохистой аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна.

-Иргэдийн буруутай үйлдлээс болж ойн түймэр хэр их гардаг вэ. Ялангуяа хулгайгаар мод бэлтгэж байгаад ойн түймэр гаргах тохиолдол хэр их байдаг вэ?

-Олон жилийн мэдээллээс үзэхэд, манай орны хувьд жилд гардаг нийт түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, 5-8 хувь нь аянга, цахилгаан, бусад шалтгаанаас үүдэлтэй байна. Олон жилийн дунджаар жилд гарсан нийт түймрийн тохиолдоцыг түймрийн аюултай саруудаар авч үзвэл 2-6 дугаар сард 86, 9-10 дугаар сард 14 орчим хувь нь гардаг. Зөвшөөрөл авсан эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэх тохиолдолд гал алдах тохиолдол бараг байхгүй. Харин хулгайгаар мод бэлтгэсэн үед түймэр гарсан тохиолдол сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй байна. Иргэдийн аялал, зугаалга, шашны зан үйл (бурхан болоочдын газрыг эргэх, хувцас хунараа шатаах г.м), бугын эвэр түүх, хог, өнжмөл өвс шатаах зэрэг тухайн хүн өөрөө анхаарал болгоомжтой байж болох зүйлээс ихэвчлэн гарч байна. Сүүлийн таван жилийн дунджаар жилд 284 удаа хууль бусаар мод бэлтгэх тохиолдол гарсан байна.

-Ойн цэвэрлэгээ гэх нэрийн доор залуу моддыг тайрч байгаа тухай мэдээлэл гардаг. Ийм тохиолдол байдаг уу?

-Ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай талбайг сумын болон сум дундын Ойн анги тусгаарлан, огтлох модыг тэмдэглэн өгч, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажилладаг. Ойн цэвэрлэгээ хийх нэрийн дор залуу модыг тайрсан тохиолдол гараагүй ч аж ахуйн нэгж, мод ачсан машин техник бүрийг модны хулгай хийж байна гэж хардаг болсон. Энэ өрөөсгөл ойлголт. Урд нь тийм байсан байж болно. Одоо бид тийм боломжийг олгохгүй байх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

-Танай яамнаас жилд хэчнээн байгууллага аж ахуйн нэгжид ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрөл олгодог вэ. Тэдгээр компанийг хэрхэн сонгон шалгаруулдаг юм бэ?

-Улсын хэмжээнд бэлтгэх модны хэмжээг хэрэглээ, түлээ болон тусгай хамгаалалттай газар, аймаг тус бүрээр жил бүр Сайдын тушаалаар баталж гаргадаг. Энэ тушаалыг үндэслэн аймгийн ИТХ-ын шийдвэр гарган сумдад хуваарилдаг. Сумын ИТХ-ын шийдвэрээр мод бэлтгэх аж ахуйн нэгж, ойн цэвэрлэгээний ажил хийх нөхөрлөл, иргэдийг сонгодог. Одоогоор улсын хэмжээнд ойд арчилгаа цэвэрлэгээ хийх ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй 357 аж ахуйн нэгж байна. 2013 оны А/223 тоот тушаалаар батлагдсан “Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага ажиллах журам”-ыг үндэслэн энэ эрхийг сайдын тушаалаар олгодог.

-Ойд хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг. Зарим заалтыг хүмүүст сануулах нь зүйтэй байх. Зөрчлийн тухай хуулиар бол зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн ч талбайгаа цэвэрлээгүй, мод бэлтгэж ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн бол иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгоно.
Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж, иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгоно. Модны нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, бэлтгэсэн бол иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгоно. Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж, иргэнийг нэг сая, аж ахуйн нэгж, байгууллагыг 10 сая төгрөгөөр торгох гэх мэт хуулийн заалтууд бий.

-Гал түймэр тавьсан тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зөрчлийн тухай хуулиар дараах хариуцлага хүлээлгэнэ. Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.Мөн Эрүүгийн хуулиар дараах хариуцлага хүлээлгэнэ.

Үүнд 24.7 дугаар зүйлээс дурдахад, Ой, хээрийн түймэр тавих 1. Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас: 3.1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; 3.2. Их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ бүхнийг нэг бүрчлэн хэлээд байгаа нь хүмүүсийг санамсар болгоомжгүй ганцхан үйлдлээсээ болж юунд хүрч болзошгүйг анхааруулж байна. -Энэ жилийн хувьд ой модонд түймэр хэр их гарч байна вэ. Өнгөрсөн жилд хэр хэмжээний ой мод өртсөн бол? -Ой, хээрийн гал түймрийн дуудлага Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн 17 суманд нийт 20 удаа бүртгэгдсэн. Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 51,018 га талбай өртөж, гурван айлын өвөлжөө, автомашин шатаж, урьдчилсан байдлаар нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өнжмөл өвсний гал түймрийн дуудлага 53 удаа бүртгэгдсэн. 2019 онд 121 удаа түймэр гарснаар 50306 га ой, 261,491 га бэлчээр өртөж, 23.7 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирсан.

-Өнгөрсөн жилийн хувьд ойн түймрээс болж улсад хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ. Хохирлыг барагдуулах ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

-Онцгой байдлын ерөнхий газраас эдгээр мэдээг нэгтгэж гаргадаг. Түймрийн улмаас 116.6 тэрбум төгрөгийн экологийн хохирол учирч, түймрийг унтраахад 596.9 сая төгрөгийн зардал гарч, нийт хохирол 117.2 тэрбум төгрөг болжээ. Сүүлийн жилүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулснаар, түймрийн тоо 1.5 дахин, түймэрт шатсан талбайн хэмжээ ес дахин, 2019 оны үзүүлэлтийг 2018 онтой харьцуулахад ой, хээрийн шатсан талбай 45.2 хувиар буурсан. Гэвч энэ жилийн түймрийн аюултай улирал дөнгөж эхэлж, ялангуяа нийслэл орчмоор иргэд аялж зугаалах, салхинд гарах, шар өвс шатаах гэх мэт шалтгаанаар түймрийн дуудлага их гарч байна. “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох”
Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу тогтоосны дараа хохирлыг барагдуулах арга хэмжээг Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлнэ.
Бид хяналт, эргүүлийг нийслэл, орон нутгийн хэмжээнд маш эрчимтэйгээр явуулж байна. Гэсэн хэдий ч хүн тус бүрийг байгаль хамгаалагч, онцгой байдлын албан хаагчид хөдөө хээр дагаж, хянах бололцоогүй. Түймэр гаргахгүй байх нь зөвхөн танаас л шалтгаалах тул иргэд өөрсдөө хариуцлагатай байж, түймрээс сэргийлэх бүхий л арга хэмжээг авахгүй бол хуулийн дагуу хүлээлгэх хариуцлага чангарсан гэдгийг зориуд анхааруулж байна.

-Түймэрт өртсөн ой модыг нөхөн сэргээхэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулдаг вэ. Өнгөрсөн хугацаанд ойн түймэрт өртөж нөхөн сэргээж байгаа хэдий хэмжээний бүс нутаг байна вэ?

-Ойн түймрийн хэлбэр, эрчмээс шалтгаалж нөхөн сэргээх арга хэлбэрүүд өөр өөр байдаг. Тухайлбал, сул эрчимтэй хөрсний түймрийн дараа нэн даруй ойжуулах нь илүү үр дүнтэй байдаг бол өндөр эрчимтэй ойн түймрийн дараа аж ахуйн зарим арга хэмжээ, ойн цэвэрлэгээ хийх зэргээр хугацаа, хөрөнгө шаардсан ажлуудыг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Түймэр болон хөнөөлт шавжийн голомтын нөлөөллөөс шалтгаалж ой доройтдог. Нэгэнт доройтсон ойг нөхөн сэргээх хоёр үндсэн арга хэлбэр байдаг. Нэгдүгээрт, зориудаар нөхөн сэргээж мод тарих, хоёрдугаарт байгалийн сэргэн ургалтыг дэмжих хэлбэр юм. 2018 оны жилийн эцсийн мэдээгээр Монгол орны ойн сангийн 1.78 сая га талбай түймэр, хөнөөлт шавжид өртсөн бөгөөд үүний 1.19 сая га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах, 527.7 мянган га талбайд зориудаар нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайн мод төрлөөсөө хамаараад болцын нас гүйцэхэд 70 жилээс дээш хугацаа зарцуулдаг. Тэгэхээр бид модон материалын хэрэгцээний зорилгод нийцэх модыг ургуулахад иймэрхүү хугацаа хэрэгтэй гэсэн үг.

-Ер нь ойг нөхөн сэргээх, хамгаалах ажилд улсаас зарцуулж буй хөрөнгө оруулалт хэр байдаг юм бэ. Жилд хэчнээн га талбайг нөхөн сэргээх ажил хийдэг вэ?

-Хэдийгээр ойн аж ахуйн арга хэмжээнд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмэгддэггүй ч ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг жил бүр тогтвортой нэмэгдүүлж ирсэн. Тухайлбал 2018 онд 6047 га, 2019 онд 8954 га ойжуулсан бол 2020 онд 12000 га ойжуулах төлөвлөгөөтэй. Бид 2013 оноос хойш мөрдөж ирсэн нэг га талбайн зардлын нормативыг шинэчлэн боловсруулж, зардлыг нэмэгдүүлэн, бүсчлэн тогтоож, шаардлагатай газруудад хашаа хамгаалалт, усалгаа хийх зардлыг тусгахаар ажиллаж байна. Залуу үе, иргэдийн мод тарих идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор 2018-2019 онд аймаг бүрт жишиг болгон байгуулсан хашаа, хамгаалалт, тогтмол усалгаатай “Ногоон паспортНогоон төгөл” төслийн үр дүнд тарьсан модны амьдралт 95 хувьтай байгаа. Цаашид ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг байнгын арчилгаа, хамгаалалт дор гүйцэтгэх бодлого баримтлах болно. 2020 онд Төрөөс ойн талаар баримтлах бодлогод тусгасны дагуу ойн удмын санг хамгаалах, нэн ховор, ховор зүйлийн модны нөхөн сэргээлтийн чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь заган ойн нөхөн сэргээлт юм. Баянхонгор, Говь-Алтай, Ховд зэрэг аймгийн заган ой бүхий сумдын нутагт урьдчилан хийсэн тооллогын дүнд тулгуурлан нөхөн сэргээлтийн арга хэмжээг төлөвлөн, зарим аймагт загийн тарьц ургуулах түр мод үржүүлгийн газрыг байгуулан ажиллаж байна.

-Энэ онд ойн салбарт хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ. Гол ажил нь юу байх вэ?

-Ойн мэргэжлийн байгууллагуудад эрх олгоход тавигдах шаардлагыг өндөрсгөнө. Цаашдаа техник, боловсон хүчний өндөр чадвартай, цөөхөн том аж ахуйн нэгж байх зарчим руу явна. Бид түймрээс урьдчилан сэргийлэх ажил, түймэр гарсан үед албан хаагчид, багаж хэрэгслийг голомтод хүргэх, богино рэйс хийхэд зориулж түймрийн эрсдэл бүхий бүсэд нисдэг тэрэгний нисэх, буух талбай байгуулахаар ажиллаж байна. Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлын норм, норматив, үнэлгээг бүсчлэн, ялгаатай тогтоох зэрэг ажлыг дурьдаж болно.
Мөн иргэдийн өөрсдийн хашаандаа мод тарих санаачилгыг дэмжиж, арга зүй, технологийн шийдлүүдийг түгээх ажлыг хийхээр төлөвлөж байна.