2020-05-25
АНУ доллар 2,801.20₮
Ангилал: Нийгэм

“ДАЙЧИН НӨХӨРЛӨЛ” ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГАД “ЧИН СЭТГЭЛИЙН ХАНДИВ” ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-оос Бүх Оросын ахмад дайчдын “Дайчин нөхөрлөл” олон нийтийн байгууллагад 20 мянган ширхэг амны хаалт, чин сэтгэлийн захидал илгээв. Энэхүү  “Чин сэтгэлийн хандив”-ыг Ерөнхий сайдын зөвлөх, МЦНХ-ны ЕНБД Ц.Тогоо ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичид  гардуулж өгөв.

Дэлхий нийтийг цочроож буй цар тахал “Сovid19” коронавирусын халдвар нь өнөөдрийн байдлаар дэлхийн 212 улс орны 3,723,455 хүн өвчилж, 257,953 нас барж, 1,239,368 нь эдгэрчээ. Халдвартай хүнийхээ тоогоор АНУ, Испани, Итали, Их британи, Франц, Герман, ОХУ, Турк, Бразил, Иран зэрэг улсууд бичигдэж байна. Манай хойд хөрш ОХУ-д л гэхэд  хоногт 10 мянга гаруй хүн нэмж өвчилсөн хүндхэн байдал бий болоод байгаа энэ цаг үед албан ёсны харилцаа бүхий  “Дайчин нөхөрлөл” байгууллагадаа гардуулж буй нь энэ юм.

Ерөнхий сайдын зөвлөх, ЕНБД Ц.Тогоо “Чин сэтгэлийн хандив”-ыг гардуулахдаа манай хоёр орны бахархалт түүхийг дурдаад, аугаа их ялалтын 75 жилийн ойн өмнөх өдөр энэхүү чин сэтгэлийн илгээмжээ гардуулан өгч буйг онцлов. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович “Дэлхийн бүх улс орон хүндхэн байгаа энэ цаг үед монгол улсын ерөнхий сайд у.хүрэлсүх хөрш орноо анхаарч Бүх Оросын “Дайчин нөхөрлөл”  холбоонд чин сэтгэлийн илгээмжийг гардуулан өгч буйд талархаж байна, бид илгээмжийг эздэд нь ойрын үед баяртайгаар хүргэх болно” гэв.

Монгол цэргийн нэгдсэн холбоо тус байгууллагатай 2019 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Москва хотноо хамтын ажиллагааны гэрээ байгуулж  албан ёсны харилцаа тогтоожээ. Тус байгууллагууд нь эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, хоёр орны түүх, дайчин замналыг хүүхэд залуучууд, хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орон болон эх орончдын тухай түүхэн дурсгалт газруудыг хамгаалах, ахмад дайчдын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг бүрдүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтран ажилладаг байна.