2024-04-24
АНУ доллар 3,376.83₮
Ангилал: Эрүүл мэнд

Иргэд 1800-0119 дугаарт залгаж, улсын эмнэлэгт үзүүлэх цаг авах боломжтой

2020-11-02 15:24:51

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийн дарга Д.Бямбасүрэн оролцож, мэдээлэл хийлээ.Уг дуудлагын төв нь 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай мэргэжлийн болон төрөлжсөн эмнэлгүүд, дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгийн үзлэгийн цагийг товлолт байдлаар зохицуулах үүрэгтэйгээр байгуулагдсан юм.

"Өдөрт 35 хүн эмнэлэгт үзүүлэхээр товлосон цагтаа үйлчилгээгээ авдаггүй"

Д.Бямбасүрэн хэлэхдээ "Манай төв байгуулагдахаас өмнө дүүргийн болон тусгай мэргэжлийн төрөлжсөн эмнэлэг дээр иргэд өглөө цаг авах гэж оочерлодог хүндрэл үүсдэг байсан. Уг хүндрэлийг бууруулах зорилгоор тус төвийг байгуулж ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл тус төвд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг есөн тусгай мэргэжлийн эмнэлэг болон зургаан дүүргийн эмнэлгийн 30 цахим бүртгэгч ажиллаж байна.

Дуудлагын төв нь:
  • Ажлын өдөр 07:00-21:00 цаг хүртэл
  • Амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажиллах цагийн хуваарьтай.
Байгуулагдсанаас хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 76,886 дуудлага бүртгэгдсэн. Түүний 90.5 хувьд нь үзлэгийн цагийг амжилттай товлосон байна.
Өнгөрсөн хугацаанд төрөлжсөн болон тусгай мэргэжлийн эмнэлгүүд дээр цаг авсан нь нийт дуудлагын 32 хувийг эзэлсэн бол зургаан дүүргийн эрүүл мэндийн төв дээр цаг авсан тохиолдол нийт товлолтын 68 хувийг дангаараа эзэлж байна. Алслагдсан буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд холбогддог боловч цагийн товлолт үйлчилгээг хангалттай түвшинд хандаагүй.

Тус төв байгуулагдсанаар цаг авахаар эмнэлгийг зорих иргэдийн урсгалыг 50 орчим хувиар буурсан гэх судалгааны дүн гарсан. Мөн судалгаагаар улсын хэмжээнд өдөрт 35 хүн эмнэлэгт үзүүлэхээр товлосон цагтаа үйлчилгээгээ авахгүй байна” хэмээн ярив.

"Аймгуудын иргэд ч цаг захиалгын үйлчилгээг хүссэн үедээ холбогдож авах боломжтой болно"

Мөн “Цаашид манай төв хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа. Ингэхдээ таван аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, 16 аймгийн нэгдсэн эмнэлэг болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн нэгдсэн эмнэлэг гэсэн эмнэлгүүдийг нэмэлтээр холбож байна. Үндсэндээ урьдчилсан техникийн бүх нөхцлийг бүрдүүлж өнөөдрөөс эхлэн тохиргоог хийж байна. Ингэснээр аймгуудын иргэд ч цаг захиалгын үйлчилгээг хүссэн үедээ холбогдож авах боломжтой болно” гэдгийг нэмж хэлэв.