2024-05-14
АНУ-ын доллар 3,381.52₮
Ангилал: Улс төр

ҮАГ-аас 2019 оны төсвийн төслийг эрсдэлтэй гэж дүгнэжээ

2018-10-16 10:58:59

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан жил бүрийн төсвийн төсөлд Үндэсний аудитын газар аудит хийж дүгнэлт гаргадаг. Үүний дагуу Үндэсний аудитын газар 2019 оны төсвийн төсөлд аудит хийж дүгнэлт гаргажээ. Ингэхдээ төсвийн орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн, эрсдэл өндөртэй байна гэж дүгнэсэн байна. Учир нь, экспортад гаргах түүхий эдийн хэмжээ, түүнээс олох орлогыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд төсвийн орлого биелэхгүй тасрах магадлалтайг Үндэсний аудитын газрын дэд дарга С.Оюунбилэг анхаарууллаа.
Тэрээр “Аудитын үндэсний газар Төрийн аудитын тухай хуулийн 4.1-т заасны дагуу төсвийн төсөлд аудит хийж дүгнэлт гаргах үүрэгтэй байдаг. Дүгнэлт гаргахдаа бид ажлын хэсэг гаргаж ажилласан. Би өөрөө ажлын хэсгийг ахалсан. 2019 оны төсвийн төсөл дээр хамгийн эрсдэлтэй байгаа хүчин зүйлийн нэг нь орлого. Орлогыг үнэхээр өөдрөгөөр төсөөлсөн нь эрсдэлтэй харагдаж байгааг аудитын дүгнэлтдээ тусгасан. Энэ орлогоо төвлөрүүлэхийн тулд байж болох боломжит нөхцөлийг бүгдийг нь судлах шаардлагатай гэдгийг бид Сангийн яаманд зөвлөмжөөр хүргүүлж байгаа” гэсэн юм.