2024-04-29
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Дэлхий

Болгарын Ерөнхийлөгч бусдад алуулсан эрэн сурвалжлах сэтгүүлчийн талаар байр сууриа илэрхийллээ

2018-10-16 11:01:29

Болгарын Ерөнхийлөгч Румен Радев Болгарын эрэн сурвалжлах сэтгүүлч Виктория Мариновагийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Энэхүү аллага нь болгарчуудын хувьд хууль цаазат ёсонд итгэх итгэлийг бууруулсан ч нөгөө талаар хүний амьдрал өөрийн гэсэн үнэт зүйл, зорилго дээр тогтох ёстой гэдгийг ойлгууллаа. Болгарын хууль хяналтын байгууллага, шүүх энэ хэргийг хэрхэн шийдэхийг Болгарын ард түмэн төдийгүй дэлхий дахин харж, хүлээж байна. Гэмт хэрэгтэнд Болгарын шүүх хатуу хандаж чаддаг гэдгээ харуулах байх гэж би хүлээж байна” хэмээн өгүүлжээ.
Виктория Мариновагийн цогцос энэ сарын 6-ны өдөр Софи хотын паркаас олдсон бөгөөд гэмт этгээд түүнийг эхэлж зодож, хүчирхийлээд дараа нь хөнөөсөн болохыг шинжээчид тодорхойлсон юм. Тэрээр хувийн TVN сувгийн редактораар ажиллаж, “Детектор” хэмээх эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ авлгачдыг илчилдэг байсан аж. Хамгийн сүүлд тэрээр түшмэдүүд Европын зөвлөлийн сантай хамтран луйвар хийж, хээл хахуулийн сүлжээ үүсгэсэн талаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийсэн бөгөөд эхний дугаар нь сэтгүүлчийг нас барснаас долоо хоногийн өмнө эфирт гарчээ.