2024-04-28
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Эрүүл мэнд

ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

2020-12-01 16:58:10

ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэдэг.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 32 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан. Энэ жилийн тухайд ХДХВ-ийн халдварын нэн шаардлагатай тусламж үйлчилгээг “COVID-19”-ийн хариу арга хэмжээний нэг хэсэг байдлаар тасралтгүй үзүүлэхэд Дэлхийн шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нар нэгдэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор "Дэлхийн эв нэгдэл-Хамтын хариуцлага” уриан дор зохион байгуулах юм.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 304 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.