2021-01-25
АНУ доллар 2,849.47₮
Ангилал: Дэлхий

Энэтхэгт гарсан нууцлаг өвчнийг ДЭМБ судалж байна

Энэтхэгийн Андра Прадеш мужийн Элуру хотод үл мэдэгдэх нууцлаг өвчин дэлгэрч, 300 орчим  хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл уг өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо өнөөдөр /2020.12.08/ 455 болж нэмэгджээ. Үүнээс 200 гаруй хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан байна.
Тус улсын эрх баригчид энэхүү нууцлаг өвчний үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд өвчтөнүүдээс нугасны ус болон цусны дээжийг авч лабортариуд руу илгээжээ. Түүнчлэн ДЭМБ-аас уг өвчний гарал үүслийг тодорхойлохоор тусгай баг гарган ажиллахаар болсон байна.
Энэ өвчнөөр өвчсөн хүмүүс гэнэт ухаан алдаж унах, амнаас нь хөөс цахрах, дагжин чичрэх, нүд улайж загатнах, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс өөр өөр байршлаас ирсэн бөгөөд ихэвчлэн мэдрэлийн систем нь гэмтсэн байдалтай иржээ.

Зарим мэргэжилтнүүд үүнийг ус, хоолны хордлого гэж таамаглаж байгаа бол зарим нь агаарын бохирдлоос үүссэн өвчлөл байж болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ хоол болон усны хордлого гэж үзэхэд өвчтөнүүд хотын өөр өөр газраас ирсэн нь анхаарал татаж байгаа юм.  Мөн дээрх өвчтөнүүдээс Covid-19-ийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.



Эх сурвалж: GUARDIAN, Times Of India