2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

Н.Цэрэнбат: Агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурахгүй бол би хариуцлага хүлээе

2018-10-17 09:49:28

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2019 оны төсөвт тусгасан санхүүжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нэгдүгээрт өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10,4 тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалсан. Агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй. Тиймээс 100 мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.
Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна. Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна.

  Мөн нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон.
50 тэрбумаар хамгийн ихдээ 10 мянган айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи.Төр иргэд дээрээ туршилт хийдэггүй. Агаарын бохирдлыг богино хугацаанд дорвитой бууруулах учраас энэ шийдлийг сонгосон.
Агаарын бохирдол 50 хувиар буурахгүй бол би хариуцлага хүлээе. Үйлдвэрлэгч энэхүү төхөөрөмж тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа" гэв.
Төхөөрөмж хэрэглэсэн нэг өрх сард дунджаар 22 мянган төгрөг төлнө
 
Эрчим хүчний яам Төрийн нарийн Бичгийн дарга Мэндсайхан зурган илэрцүүд
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан "Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд 9 сарын турш ажиллаж байна.Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын "HAIER" группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. 
Энэ төхөөрөмж бол шүүлтүүр биш. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж. Үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа" хэмээн тайлбарлалаа.
Мөн "Төхөөрөмжийг хэрэглэснээр нэг өрхөд сарын цахилгааны хэрэглээн дээр нь дунджаар 22 мянган төгрөг нэмэгдэж гарна.Цаашид хэрэглээний өртөгийг бууруулах чиглэлээр ажиллана.  Айл өрх энэхүү төхөөрөмжийг хэрэглэснээр эрчим хүч доголдохгүй байх хэмжээнд судалж байгаа" гэв.

Утааг бууруулахын тулд орон сууцжуулах, дэд бүтцийг шийдэх, цахилгаан халаалт ашиглах зэрэг олон шийдэл байгаа ч эдгээр нь урт хугацааных. Учир нь орон сууцжуулахад дор хаяж 10 жил шаардлагатай, дэд бүтцийг нь шийдээд хашаанд нь шугам, хоолой оруулчихаад байхад 6 сая төгрөгөөр холболтоо хийх боломжгүй, цахилгаанаар халаалтын асуудлыг шийдэх сонголт хийвэл цахилгаан станциудын хүчдэл дийлэхгүй, Улаанбаатар тэр чигтээ цахилгаангүй болох зэрэг эрсдэл нүүрлээд байгаа аж.
Тиймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн 1 жилийн хугацаанд хуралдаж, утааг ойрын хугацаанд бууруулах хамгийн үр дүнтэй арга нь иргэд гэр, байшингийхаа дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлш хэрэглэх, бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж ашиглах гэсэн шийдэлд хүрчээ.
Энэхүү шийдэлд үндэслэн Эрчим хүчний яамнаас цахилгааны шөнийн  тарифын хөнгөлөлтөд зориулж 14,7 тэрбум төгрөг, гэр хорооллын 100.000 айлын янданд бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж суулгахад 54 тэрбум төгрөгшаардлагатай гэдэг саналыг 2019 оны төсөвт суулгуулахаар БОАЖЯ-нд өгсөн байна. Энэ дагуу 2019 оны улсын төсөвт суулгажээ.
Мөн 120 мянган өрхөд сайжруулсан түлшийг түүхий нүүрснээс хямдаар борлуулахад татаас олгоход зориулж 54.7 тэрбум төгрөг, нам даралтын 3000 зууханд бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суулгахад зориулж 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
 Улаанбаатар хотын хүн амын 60 гаруй хувь нь буюу 220 мянган өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд эдгээр өрхийн 100 мянган бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр суулгаж, 120 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаснаар Улаанбаатарын утааг 50 хувь бууруулна гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон үзжээ.
Тодруулбал,бүрэн шаталтыг дэмжих шүүлтүүр нийлүүлэх компанийг нээлттэй тендер зарлах замаар сонгох бол сайжруулсан түлш нийлүүлэх аж ахуйн нэгжүүд нэгдэж, “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл” байгуулан нэгдсэн журмаар шахмал түлшийг нийлүүлэхээр болсон байна. Мөн төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК ч ажиллаж эхэлжээ. 
П.Оюунжаргал