2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Хөндөх сэдэв

Д.Шагдарсүрэн: Бэлчээрийн талбай багасах шалтгаан

2020-12-23 17:53:25

ХХААХҮЯ-наас гаргасан албан ёсны мэдээгээр “Манай улс өндөр уул, хангай, говь хосолсон 110,3 сая га бэлчээртэй, 1,7 сая га хадлангийн талбайтай” ажээ. Бэлчээр гэдэг бол зөвхөн ургамал ургасан газар төдий биш тэр талбайд хамрагдах гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, хужир мараа бүгд орох ёстой. Бид сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол, талхагдлын тухай хангалттай ярьж байна. Үүний гол буруутан нь “эзэнгүйгээс” уур амьсгалын өөрчлөлт, “эзэнтэйгээс” малын тооны өсөлт болж байна. Миний үзэж байгаагаар бэлчээрийн доройтол, бэлчээрийн хомсдол, бэлчээрийн бохирдол гэсэн ойлголтуудыг нарийвчилж авч үзэх ёстой. Албан ёсны мэдээлэлд “Бэлчээрийн газрын ангиллаас хот суурин газрын дэд бүтэц, уул уурхайн ашигт малтмал, газар тариалан зэрэг өөр ангилалд шилжих, үерийн усны эвдрэлд орох, элсний нүүдэл зэргээс шалтгаалан бэлчээрийн талбайн хэмжээ багассаар байна” гэжээ. Тэгвэл үүний “зэрэг ангилал” гэдэгт юу орох вэ?
 
Юуны түрүүнд бэлчээрийн бохирдол. Манай малчид зун намрын улиралд буусан газраа хог тарьж, хотныхоо орчины газрыг халцлан, тарьсан, овоолсон хогоо цэвэрлэхгүй орхисноос бэлчээрийн талбай тодорхой хэмжээгээр багасдаг. Үүнийг сансрын зураглал хийдэггүй юм гэхэд тодорхой сонгосон талбай дээр дрон нисгээд судалж, үр дүнг нийтэд мэдээлбэл, үзүүлбэл сонирхолтой л байх болно. Эндээс малчид өөрсдөө бэлчээртээ яаж хандаж байгаагаа мэдэх, мэдрэх болно. Нөгөөх нь зам. Өвс налуулаад өнхрөх дугуйн өргөний хэмжээгээр бжэлчээрийн хомсдол бий болгодог. Бид засмал замыг л дөнгөж олж харж байна. Тэгвэл монгол дорнод хэсгийг хойш урагш, баруун зүүн тийш хэрж байгаа төмөр зам малын бэлчээр болоод зэрлэг амьтны бэлчээрт хэрхэн нөлөөлж байгааг хэн ч ярихгүй байна. Би өнгөрсөн намар ХХААХҮЯ-нд энэ асуудлыг тавихад “ТӨМӨР ЗАМ МАНАЙД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ гэж хариулсан шүү. Сонин байгаа биз?
 
Уул нь тухайн аймаг, сумын нутаг дээгүүр хэдэн км урттай төмөр зам барих гэж байгаа, тэр нь хоёр талынхаа хамгаалалтын далан, шуудууг оруулаад хэдэн м-ийн өргөнтэй байх, ингэснээр хэдэн ам км бэлчээрийн талбайг ашиглах боломжгүй болгохыг тооцоолж, тэндээс өнөөх өөр ангилалд шилжсэн тоогоо гаргах ёстой. Одоо Дорноговь, Дундговийн зарим сумдын нутаг дайруулан барьж байгаа төмөр замын хамгаалалтыг маш сайн хийж байгаа юм байна. Хэдэн м-ийн өргөн, хэдэн ми-ийн гүн шуудуу татаж байгаа дуулдана. Түүний гадуур битүү хашаа барьдаггүй юм гэхэд өргөст тор ч юмуу татаж мал амьтан орж үхэхээргүй болгож таарна. Төмөр замын далангийн өргөнөөс хамаарч бэлчээр хомсдуулах талбайн хэмжээ өөр өөр гарна л да. Жишээ нь нэг сумын нутаг дээгүүр хоёр талын хамгаалалтын төхөөрөмжийг оруулаад 20 м өргөн, 30 км урт төмөр зам дайрна гэж бодъё. Тэгэхэд л 600000 ам метр буюу 6000 га бэлчээр ашиглах боломжгүй болох нь байна шүү дээ.
 
Тэгэхлээр төмөр замын ажил ХХААХҮЯ-нд хамаагүй гэж хэлж болно гэж үү? Энэ асуудал БОАЖЯ-нд ч хамаатай. Мал амьтан хөндлөн гатлах зориулалттай нүхэн гарцны стандарт мөрдөх явдалд ч онцгой анхаарал хандуулмаар байна. Дорноговь аймгийн Мандах сумын нэг малчных худагаасаа 7км зайтай нутагладаг байсан чинь бэлчээр дундуур нь төмөр зам дайран гарснаас 25 км тойрч явж очдог болсон тухай гомдол ирж байна.
 
Уул нь бэлчээрийн хомсдол бий болгосныхоо төлөө төр тухайн суманд, магадгүй төмөр зам бэлчээрий нь дайран гарч байгаагаас болж өөр тийш нүүх зайлшгүй шаардлагатай болж байгаа малчныд нөхөн олговор олгож байх ёстой. ӨМӨЗО-ны малчдын бэлчээр дээгүүр төмөр зам гарах нь бүүхэл хотноос нь 100 м-ээс дотуур өндөр хүчдэлийн шугам дайрч байгаа бол нөхөн олговор олгодог юм билээ. Тэд үнэндээ нүүдлийн биш болсон, бэлчээр хувьчлагдсан нь манайхаас өөр ч төрөөс малчдыг харж үзнэ гэдэг ноос, арьс ширний олдох олдогүй хэдэн төгрөгний урамшууллар хуурах биш уугуул ус нутагтаа тогтвортой амьдрах боломжийг хангаж өгөхөд л оршино.