2021-01-25
АНУ доллар 2,849.47₮
Ангилал: Хөдөө аж ахуй

Малын хөлийн татвараас 07 дугаар сарын 01 хүртэл чөлөөлөх чиглэл өгчээ


Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар 2021 оны долоодугаар сарын 01 өдрийг  хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-т зөвлөмж болгосон Засгийн газрын тэмдэглэл гаргасан байна.
 

Улс орон даяар коронавируст цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас ийнхүү 2021 оны эхний хагасын малын хөлийн татварыг тэглэх чиглэл өгсөн байна.

УИХ-аас Малын тоо толгой, албан татварын тухай хуулийг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан юм. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон уг хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм. Түүнчлэн “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө” хэмээн хуульчилсан.

Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн боловч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол зэрэг олон сөрөг асуудал дагуулах болсон. Тиймээс орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг дээрх хуулиар олгосон юм.