2024-04-19
АНУ доллар 3,376.43₮
Ангилал: Нийгэм

Д.Шагдарсүрэн: Газар хөдлөлт бол өнөөгийн ШУ-ны түвшинд урьдчилж хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл

2021-01-12 11:09:21

 
2021 оны  дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 05 цаг орчимд нийслэлд газар хөдлөлт болж иргэд цахим хуудсанд мэдээлэл хүргэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор МУСГЗ цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнгээс тодруулга авлаа.

Газар хөдлөлтийг урьдчилж мэдээлсэнгүй хэмээн иргэд шүүмжилж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

- Учиргүй юм гэж үгүй.

Урьд шөнө, шөнө ч гэж үүрээр Хөвсгөл, Сэлэнгээр дамнан газар хөдөлжээ. Нийслэл хотод тэр тусмаа тэнгэр баганадсан байшингуудад илүү их мэдрэгдээ бололтой. Сандарсан хүмүүс “Муу л бол хойд захын хар овоохой” гэгчээр өнөөх л онцгой байдлын газрыг, өнөөх л муу засгийн  /яг үнэндээ энэ муу засгийн газрыг бид өөрсдөө сонгочихсоноо мартаад байх шиг байна/ газраа “Урьдчилж хэлсэнгүй” гэж загинаж эхлэв.

 Газар хөдлөлт гэдэг бол өнөөгийн шинжлэх ухааны түвшинд урьдчилж хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл юм. Харин ч манай Одон орон геофизикийн судалгааны төв өчүүхэн төдий чичирхийллийг ч алдахгүй бүртгэж мэдээлж байдаг. Газар хөдлөл нь дэлхийн царцдасын дунд явагдаж байгаа геофизикийн үзэгдэл бөгөөд хэзээ хаана, ямар хүчтэй хөдлөхийг урьдчилан тооцоолох боломжгүй байгаа аж. Харин зэрлэг амьтад зөнгөөрөө мэдрэх нь бий.

1957 онд Их богд уулын их хагралын үед аргаль, янгир уулнаас буугаад байсан гэдэг. Бас адуу мал бөөгнөрч янцгаалдах, үхэр юу ч болоогүй байхад мөөрөлдөөд, нохой  гэр тойрч гүйгээд  байсан гэх яриа бий. 1965 онд ч билүү Могодын газар хөдлөлтөөр гөрөөс, буга, гахай зэрэг амьтад тэгсэн ингэсэн гэх мэдээлэл одоогоор надад санагдахгүй байна.

Харин энэ өвөл бүр 12 сард буюу өвлийн дунд сар гарчихсан ид хүйтэн тачигнаж эхэлсэн үед Баянхонгорын хойд тал, Архангайн байруун хойд тал, өөрөөр хэлбэл Эгийн даваа орчмын салбар уул, нуруугаар тарвага ичээнээсээ гарчихсан гүйж явахад айлын нохой зуугаад ирсэн, бууцны хөлийн зурам гарч ирж хошгороод байна гэх мэдээллүүд ирж гайхаш төрүүлж байлаа. Ой хөвчөөр хэрж явдаг “анхны цаснаар яаранхай анчин баавай” нар л юм харсан, сонссон, мэдэрсэн байж мэдэх юм. Орчлонд учиргүй юм гэж үгүй л дээ.