2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Нийгэм

Э.Энхболд: Иргэд товчоод доторх зусландаа очих бүрэн боломжтой

2021-01-12 11:17:03

Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлыг бууруулж байгаа ч эм, эмнэлгийн хэрэгсэл, малын тэжээл, хүнс, шатахуун тээврээс бусад хөдөлгөөнийг хотоос гарах, орохыг хязгаарласан хэвээр байгаа.

Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Улаанбаатараас орон нутаг руу явах боломжгүй. Орон нутгаас ирээд гацсан иргэдийг гаргахгүй" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн зарим асуултад хариуллаа. 

-Иргэд зусландаа очиход нээлттэй юу?

-Иргэд товчоод доторх зусландаа очих боломжтой. Алслагдсан хороодод оршин суудаг иргэд тухайн газар оршин суудаг бичиг баримт, газар эзэмших гэрчилгээгээ нотариатаар баталгаажуулаад шаардлагатай тохиолдолд зорчиж болно.

-Хот хооронд болон хөдөө орон нутгийн иргэд хотоос гарах хөдөлгөөн хязгаарлагдсан хэвээр ээ юу? 

-Хот хоорондын хөдөлгөөн хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгасантай холбоотойгоор хөдөө орон нутгийн хяналтын постууд дээр УОК-ын зөвшөөрөлгүй зорчиж байгаа иргэдийг саатуулах арга хэмжээг тооцох, буцаах үйл ажиллагаа хийгдэнэ. Тиймээс Улаанбаатар хотоос тодорхой шийдвэр гарах хүртэл гарахгүй байхад анхаараарай.

Хөдөө орон нутгийн иргэд нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрөөгүй. Хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа.
 

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн

Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд ПГУ буюу PCR шинжилгээний хариутай байна.
  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
  • Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/
  • Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/
  • Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/
  • Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.
Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт, шалган нэвтрүүлэх товчоодын гадна байршилтай Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ.

/Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримт багтана./

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.