2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Хөндөх сэдэв

Д.Шагдарсүрэн: Үхрийн бие бүхэлдээ шар байгаад л “сэжиг” төрөөд байна

2021-02-21 15:01:57

 
Хаврын салхи хавирга нэвтлэхийн шинж. “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн “Шороон үхэр”-ийн зураг харж сууна. Дөрвөн шийр улаан.Толгой цагаан, эвэр сүүл чих гурав нь хөх үлдсэн нь тэр чигээрээ шар. Энэ шар өнгөнөөс л би жаахан “жийрхээд” байгаа юм. Дээрх эвэр, туур, чих, сүүл, толгой  гээд дандаа төгсгөлийн эрхтнүүд цэнхэр байгаа нь юуг хэлж байнав? Гагцхүү омруу л ногоон байдаг.  Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцаны  “Үрийн зурхайг сайтар номолсон бүхний хураангуй” гэдэг номонд жаран жилийн үрийг номлохдоо 35 дугаар “цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жил “ган болж зарим газар хур ихдэж тариа эвдэрюү” гэсэн буй. Ган болоод хур арвидаж гэдэг хоёр ойлголт харшилдаж байгаа биз? Өнгөц бодвол хур арвин бол ган гачиггүй, өнтэй дэлгэр байх бусуу гэмээр. Тэгтэл үгүй юмаа. Зурхайч  лам нар “амьтны сэтгэл үймрүүлчихнэ” гэж бөөрөнхийлөөд тодорхой хэлж өгөхгүй байх шиг байгаа юм.

Ер нь өнгө, мах бодын учирал тохиолын бэлэгдлээс авч үзвэл цагаан өнгөөр цас мөс, ногоон өнгөөр өвс ногоо, шар өнгөөр нар, халуун, улаан өнгөөр дайн дажин, хэрүүл тэмцлийг харин хөх өнгөөр усыг бэлэгддэг. Бас үхрийн болоод үхэр хариулаачийн хөдөлгөөнөөр салхийг бэлэгддэг гэж байгаа. Үхрийн бие бүхэлдээ шар байгаад л “сэжиг” төрөөд байна. Дөрвөн хөлний улаан байгаа нь улирал жилийн төгсгөлд “төр үймэх” магадлал их гэсэн үг. Эвэр сүүл чих хөх байгаа нь улирал, жилийн эхинд хур ус их, толгой цагаан байгаа нь жилийн эхинд хүйтэн цастайн дохио гэж байгаа хэрэг.  Үхэр  шогшиж, үхэр хариулаач гүйх шахам яаруу алхаж яваа нь салхи ихтэйн шинж гэнээ. Бас төр нийгмийн хямрал хөдөлгөөн ихтэйн шинж ч гэж нэг зурхайч сэмхэн хэлсэн тал бий. Би бол нуугаад яахав гээд байгаа юм.

За тэгвэл яах вэ? Ер нь яах гэж байгаль, нийгэм, хүний хувьсал өөрчлөлт, заяа төөргийг урьдчилж харахыг оролддог юм бэ? Эрт дээр үеэс ч орчин үеийн шинжлэх ухаан тенологийн өндөр хөгжсөн түвшинд ч яах гэж ПРОГНОЗ гаргадаг юм бэ? Энд ердөө л ганцхан хариулт бий. Сайн сайхан нөлөө, нөхцлийг бататгах, ашиглах, муу муухай нөлөө, нөхцлөөс УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, гарз багатай давж туулах.  Энэ бол зөвхөн монгол орны асуудал биш, дэлхий нийтийн хэрэг. 2019 он буюу “шороон” гахай жилийн намрын дунд сарын арван таванд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Эрдэнэбулган, Пунцагдорж тэргүүтэй нөхөд “өвчин их гарна” гэж юу хэлэв? Сонин байгаа биз? Харин ардын энэ ухааны нууцыг тайлах гэж оролдох нь бүүхэл ойлгож хүлээн авахыг оролдох хүн ч ховор буйзаа.

 Хэрэв бид шинжлэх ухааны ч бай, ардын уламжлалын ч бай, одон зурхайн ч бай байгаль нийгмийн аливаа үзэгдлийн хувисал өөрчлөлтийг урьдчлан “харах”-ыг хүсэх аваас хариу арга хэмжээг л тэр хэрээр авчихсан байх хэрэгтэй юм. Үнэнийг хэлэхэд бидний өнөөдрийн эдийн засаг, техник технологийн хэр хэмжээнээс хэтэрсэн аюул тулгарахыг үгүйсгэж чадахгүй. Үүнийг бид ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ гэж нэрлээд “амиа хоохойлоод” сурчихаж.  Байгалийн энэ давагдашгүй хүчин зүйл улам ихсэж байна. Америк, Европ, бүр цас гэж ямар юм байдгийг мэддэггүй Орхи дорнодод хүртэл их цас унаж гайхаш төрүүлж байна. Тэгвэл монголын энэ уудам газар нутаг дээр хэзээ юу болох бол гэдгийг  хуучин нь юу гэж “залж” байнав, шинэд нь яаж “харагдаж” байнав гэдгийг адилхан л анхаарч баймаар. Шороо үхрийн “цагаан толгой” хэзээ ирж мөргөх гэж байгаа, жилийн дундуур төдийгүй ерөнхийдөө гандуу жил болно шүү гэж дохиод байгаа тул ус бэлчээрийн асуудлыг хэдийнээс яаж шийдсэн байх вэ? Энэ мэтээ одооноос бодож, төлөвлөж, шийдвэрлэж, гүйцэтгэж байхыг л зөвлөж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш эхний хүчтэй аадар, анхны их цасанд даруулчихаад ч юмуу хур чухаг болж ургамал ногоогүй гатчихаад “Үгүй мөн үнэн хэлсэн байна шүү” гээд толгой сэгсрээд сууж байвал шинжлэх ухааны ч, ардын уламжлалын ч, одон зурхайн ч хэрэг юу билээ. 

 Ган болно гэж байгаа бол худаг гарга, төр үймнэ гэж байгаа бол тайван амгалан болго, үер ус бууна гэж байгаа бол далан хаалтаа босго. Ердөө л ингэж зөвлөж байгаа хэрэг билээ. Баруун өмнөөс олон хоног уриад байвал...
 
 Цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн