2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Нийслэл

Тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг үүрэг болголоо

2021-03-22 13:33:12

Коронавируст халдварын тархалтын "Улбар шар түвшин"-д шилжсэн хугацаанд нийслэлийн хэмжээнд эргүүл, хяналт шалгалтаар өдөр, шөнийн 1148 чиглэлд 2335 алба хаагч ажиллаж байна.

Үүнээс баталгаат болон баталгаат бус 40 постод 264 алба хаагч, 93 автомашинтай үүрэг гүйцэтгэн, нийслэл рүү нэвтрэх чиглэлд 3070 тээврийн хэрэгсэл, 5924 иргэн, гарах чиглэлд 1920 тээврийн хэрэгсэл, 3704 иргэнийг тус тус шалган нэвтрүүлсэн байна.

Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагын удирдлагуудад хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах, дүүргийн Засаг дарга нарт гэрийн тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд биечлэн хяналт тавих, ажлын уялдааг сайжруулах, улс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулж, зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүүхэд, өсвөр үеийнхний бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн Ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт өглөө.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС