2024-04-24
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Нийгэм

“Аж ахуйн нэгжүүд гадаад иргэдээ хянаж чадахгүй байна”

2021-03-20 13:35:02

Монгол Улсад оршин сууж буй, хөдөлмөр эрхлэх ангиллын визээр орж ирсэн иргэдийн талаарх хяналт  шалгалтын үйл ажиллагааны үр дүнгийн талаар Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ үеэр мэдээлэл өгсөн ГИХГ-ын дарга Н.Ууганбаярын байр суурийг хүргэж байна.

 -Манай байгууллагаас өөрийн эрхлэх ажлын хүрээнд Монгол Улсад оршин сууж буй, хөдөлмөр эрхлэх ангиллын визээр орж ирсэн хүмүүсийн талаарх хяналт  шалгалтын үйл ажиллагааг явууллаа. Ингэхэд ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газар нутагтаа байгаагүй, уригч аж ахуйн нэгж нь тухайн иргэнээ хянаж чадаагүй зэрэг зөрчил илэрсэн. Тухайлбал, Дарханд төмөрлөгийн үйлдвэрт ажиллахаар ирсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаж байсан. Тэрэлжид барилга дээр ажиллахаар ирсэн ч тэндээ байгаагүй. Дундговийн Гурвансайхан суманд уурхайд ажиллах байсан ч Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт самрын үйлдвэрт ажиллаж байв. Энэ мэтээр аж ахуйн нэгжүүд нь гадаад иргэдээ хянаж чадахгүй байна. Иймд байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, харьяаллын дагуу нь ажиллуулж, хил нээгдсэний дараа Монгол Улсаас гаргах шаардлага хүргүүлсэн.  2021 оны эхний хоёр сард гадаадын 500 гаруй иргэн нутаг буцсан. 

-Одоогоор Монгол Улсад 1289 хүн хөрөнгө оруулалтын визээр оршин сууж байна. Уг ангиллын виз нь бусад төрлөөс харьцангуй хөнгөлөлттэй, татвараас чөлөөлөгдөх боломжтой байдаг. Гэвч эдгээр иргэн нь бодит хөрөнгө оруулагч мөн үү, биш үү гэдгийг шалгахад дутагдал илэрч байна. Жишээлбэл, ажилчдын цалин, татвар, нийгмийн даатгал төлдөг эсэх нь тодорхойгүй, 100 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй зэрэг асуудал гарч байна. Иймд шалгалтын явцад бодит хөрөнгө оруулагчдын визийг сунгаж, биш тохиолдол цуцалж байгаа.       


       Эх сурвалж:www.polit.mn