2024-04-24
АНУ доллар 3,376.83₮
Ангилал: Нийгэм

704 хүнд халдвар илэрч, гурван хүн нас барлаа

2021-04-12 11:20:12


Сүүлийн 24 цагт /2021.04.12/ 13591 хүнд шинжилгээ хийснээс 704 хүнд коронавирусын халдвар илэрлээ. Эдгээр 704 хүний 598 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол нийт 13 аймагт халдварын 106 тохиолдол бүртгэгджээ.

Ийнхүү өнөөдөр 704 тохиолдол бүртгэгдсэнээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 15168 болжээ. Мөн харамсалтай мэдээлэл дуулгахад коронавирусын халдвараар өвчилсөн 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй 3 иргэн нас баржээ. Сүүлийн өдрүүдэд коронавирусын халдвараар өдөр бүр хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 25 болж байна.

Эдгэрэлтийн хувьд сүүлийн 24 цагт 357 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 9516 болжээ.

Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт халдвар гарч, халдварын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг онцгой сайн сахих хэрэгтэй болж байна. Шинж тэмдэггүй халдвар тээгчид их байгаа учраас олон хүн бөөгнөрсөн газраас зайлсхийх, хүнтэй уулзахгүй байх, зай барих, маскаа тогтмол зүүх, гараа сайн угаах, агаар сэлгэлтийг сайн хийх хэрэгтэй.

Амралтын өдрүүдэд айл хэсэхгүй байх, гэртээ хүн урихгүй байх, ер нь л хүнээс хол байх хэрэгтэй гэдгийг дахин дахин анхааруулж байна. Халдварт өртөх эсэх нь одоо таны хариуцлагаас л шалтгаална. Та бүхэн гэр бүл, ажлын хамт олон, найз нөхдөө халдвараас хамгаалж чадна. 


П.Оюун