2024-04-25
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Эрүүл мэнд

Л.Энхсайхан: АстраЗенека вакцины нэмэлт тун Дельта хувилбараас хамгаалж байгаа

2021-08-27 15:17:04

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр тус яамны газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчийн асуултад хариулав.
 
 
-Коронавирусийн эсрэг вакциныг 12-оос доош насныханд хийх үү?
- 12-17 насны 290,000 гаруй хүүхэд манай улсад байдаг. Үүнээс 253,000 хүүхэд нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад байна.
Тодруулбал
  • 12-15 насны 180,000 гаруй, 
  • 16-17 насны 70,000 гаруй нь байгаа юм.
Хүүхдийг төрөхөөс нь эхлээд товлолын дагуу халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх вакцин хийдэг. Товлолын вакцин хийлгэсний дараа тухайн хүүхдэд ямар нэг ноцтой хариу урвал үзүүлэх нь харьцангуй бага.

Вакцин бол тухайн өвчнийг үүсгэгчийн эсрэг чиглэсэн онцлогтой. 

Хэдийгээр вакцин хийлгэсний дараа зарим тохиолдолд ноцтой урвал хүндрэл гарч болох ч маш олон хүнийг аюулаас хамгаалж байгаа. Тиймээс хүүхдүүдийг вакцинд хамруулснаар хэвийн амьдралдаа эргэн орох, нийгэмших, олон дунд ороход эрсдэлгүй байх зэрэг давуу талтай.

Дэлхийн улс орнууд ч хүүхдийг дархлаажуулахыг зөвлөж буй. Хүүхэд ч гэсэн коронавирусийн халдвараар маш хүнд өвдөх, нас барах ч эрсдэлтэй тул түүнээс сэргийлж хүүхдүүдэд вакцин хийж байгаа юм.

12-оос доош насны хүүхдүүдэд зарим улс орон хийж эхэлсэн. Харин манай улсын хувьд бусад орны туршлагыг харгалзан, аюулгүй байдлыг нухацтай судалсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

-АстраЗенека вакцины гурав дахь тунг ямар судалгаанд үндэслэж иргэдэд сайн дураар хийж эхэлсэн бэ?

-Оксфордын их сургуулийн судалгаа болон мэргэжлийн холбоодын зөвлөмжийг харахад, АстраЗенека вакцины нэмэлт тун буюу гуравдугаар тунг хийсний дараа альфа, бетта, дельта хувилбараас сайн хамгаалж байгаа гэх үр дүн бий.

Өөрөөр хэлбэл, АстраЗенека вакцины нэмэлт тунг хийлгэснээр дельта хувилбарт коронавирусээс хамгаалах тул иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж байгаа гэдгийг хэлье.

Аль ч үйлдвэрийн вакциныг хийлгээд халдвар авч болно. Гэхдээ уг өвчнөөр хүндэрч нас барахгүй байгаа нь хамгийн чухал нь гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Коронавируст халдварын эсрэг вакцин нь хүндрэл, нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ хувилбарт халдвараас ч сэргийлж байгаа.