2024-10-23
АНУ-ын доллар 3,397.42₮
Ангилал: Эдийн засаг

“ЦАГААН ХАДАНД 9 САЯ ОРЧИМ ТОНН НҮҮРС ХУРИМТЛАГДААД БАЙНА“

2021-08-27 16:21:37

Гашуунсухайт-Ганцмод боомтоор гардаг нүүрсний тээврийг энэ сарын 23-наас эхлэн зогсоосон. Тодруулбал, Монголоос 14 хоног нүүрс авах боломжгүй гэж БНХАУ-ын талаас мэдэгдсэн юм. Гэхдээ ямар шалтгаанаар ийнхүү зогсоосноо албан ёсоор тайлбарлаагүй аж.

Гэхдээ Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр "Монголын нүүрс тээврийн жолооч нараас халдвар илэрсэн тул Ганцмод боомтын үйл ажиллагааг зогсоосон. Нүүрс тээврийн жолооч нарыг Цагаанхад боомтыг ногоон бүс байлгах зорилгоор очихоос нь өмнө 14 хоног тусгаарлах байранд тусгаарлаж, хяналтын шинжилгээ хийх явцад халдварын эерэг тохиолдол илэрсэн" гэсэн юм.

Тэгвэл энэ талаар АТҮТ-ийн Ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбат "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Сүүлийн өдрүүдэд өдөрт 200 орчим тээврийн хэрэгслийг Хятадын тал нэвтрүүлж байсан. Ойролцоогоор нэг өдөр 200 гаруй машин гарна гэж тооцоолвол тэг зогсолт хийсэн 14 хоногийн хугацаанд 2800 гаруй машин тээвэрлэлт хийх байсан гэж ойлгож болно. Түүнчлэн тээврийн байгууллагын хувьд Цагаан хаданд хуримтлагдсан нүүрсийг тээвэрлэх үүрэг хүлээж байгаа. Одоогоор Цагаан хаданд 9 сая орчим тонн нүүрс хуримтлагдсан байгаа. Энэ нүүрсийг гаргаж байж л дараагийн уурхайгаас борлуулах ажил эхлэх ёстой. Тэгэхээр нүүрс, ачаа тээвэрлэлт 14 хоногоор зогсоно гэдэг нь уурхайн борлуулалт 14 хоногоор хойшилж байна л гэсэн үг" гэжээ.