2024-10-23
АНУ-ын доллар 3,397.42₮
Ангилал: Эдийн засаг

Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгоно

2021-09-01 13:50:46

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хуралдаанд танилцууллаа. Энэ хүрээнд 56 цогц төлөвлөгөө хэрэгжүүлж ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.  

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 6,349.9 тэрбум төгрөгийн 62.3 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,823.6 тэрбум төгрөгийг 24,040 зээлдэгчид олгожээ. Ингэснээр 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна. Үүний үр дүнд төсвийн орлого 105 хувь буюу таван хувиар давж биелэхэд нөлөөлсөн. Эдийн засгийн өсөлтийг хангаж, дахин сэргэлтийг бий болгох бодлогын арга хэмжээ хэрэгтэй тул цаашид гурван хувийн хүүтэй зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгон гаргахаар боллоо. Ойрын хугацаанд төв банк болон банкуудтай хамтарч эдийн засгийг дахин сэргээх бодлогын үйл ажиллагаа үргэлжилнэ" гэлээ. 

Түүнчлэн Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барих болсноо мэдэгдсэн юм. Энэхүү хуулиар экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах чиглэлд тодорхой зохицуулалт хийхээр тусгажээ.