2021-10-21
АНУ доллар 2,848.49₮
Ангилал: Нийгэм

Маргаашаас ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

2021-09-02 09:30:02

 Энэ сарын 3,4-нд ихэнх нутгаар бороо, 5,6-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар  шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.