2024-04-25
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Хөндөх сэдэв

Д.Шагдарсүрэн: Ирэх өвлийн өнгийг эрдэмт малчидтайгаа сурвалжилсан минь

2021-09-26 11:56:36

“Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн нармын дунд сарын арван таван. Үд жаахан өнгөрөөгөөд хонин цагийн үед нийслэлээс гарч бензин хайж хэд хэдэн шатхуун түгээх газраар орсоор нар баруунаа таших шахам болгож Налайхын замд гардаг байна. Бидний зорилго өнөө шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг Бага залаа ууланд хүрч боржгин нутгийн “мэргэн ардуудын” байгаль шинжих эрдмийг сурвалжилж ирэх өвлийн өнгийг хэрхэн дүгнэснийг үзэгч, уншигч олондоо хүргэх явдал билээ. 

Үдийн хэрд гэр дээр тавьсан дэлгэцтэй ааруул тос нь бурзайж хөлрөм намрын шар наран нэн таатай ээсэн тэр өдөр нар гудайхтай уралдан Төв аймгийн Баян сумын нутаг Элгэний өвөр талруу орж төмөр замын нүхэн гарцаар урагш гаталж Цагаандэлгэрийн замд орлоо. Урд гүвээн дээгүүр дөнгөж давуут ухьд шөнө, өнөө өдрийн үдээс өмнө орсон их борооны улмаас тогтсон нэлийсэн цагаан тойром мэлтэс гээ л угтдаг юм байна. Энэ чинь юу билээ гэж гайхахад хүрдэг байна шүү. Гайхахын учир гэвэл би сүүлийн 21 намрын 19-д нь энэ замаар явж байгаа хүн. Хур бороотой жил ч байсан, хуурай халуун жил ч л байсан. Цагаандэлгэр сумын төвийн арханд байдаг Цэгээний хоёр тойромоос өөр ийм том цөөрөм тааралдаагүй болоод л тэр. Цэгээний тойром гэнгүүт тэр нутгийн нэгэн хууч санаанд ордог юм. Энэ нутагт Бүжид гэж царай зүс, нуруу туруу, ааль зангаараа монгол бүсгүй хүний сайн сайхан бүхнийг бүрдүүлсэн хүүхэн байжээ. Түүнийг харах гэж энэ сумын төдийгүй, хол ойрын газраас залуус ирдэг байсан гэдэг. Үүнтэй холбоотой “Цэгээний тойрмын цэлгэрийг яаана, Цэндийн Бүжидийн ганганыг яана” гэсэн хэлц яриа гарсан юм гэдэг. 1990-ээд оны эхээр Цагаандэлгэрт жил бүрийн зуны эхин сард болдог “Ёэндэм” хурах гэдэг шашны хурал дээр тэр Бүжид гуайтай танилцсансан. 70 гарч, 80 дөхсөн гэхэд булга, торго, шүр сувданд  умбасан буянтай, толиотой сайхан эмээ алхаж явсандаа. Говь нутагт ойр хавьд ижил үгүй Цэгээний тойром зуны цагт хөвөө дэнж дүүрэн айл ярайж, мал сүрэг багширч, айраг-дэмбээ намраар ч ажилсаг цэмцгэр Бүжид гуай залуусын нүд сэтгэлийг татан жавхалзаж явсан  буйзаа... Ийн бодож явтал үдшийн бүрийтэй уралдан Цагаандэлгэр дээрээ ч хүрээд ирлээ. Би уул нь сумын засаг дарга Буджавыг ч юмуу өөр хэн нэг хүнийг уруу татаж Бага залаа дээр очих гэсэн хэрэг. Тэгтэл энэ гайтай тахал өвчнөөс болоод Цагаандэлгэрийнхэн дарга цэрэггүй эмнэлэгт хэвтэх нь хэвтэж, хорионд  орох нь орчихжээ. Тэгэхлээр нь шууд Говь-Угтаал орж засаг дарга Ө.Мөнх-Амгалантай уулзаж тэдний багийнхантай уулаа зорлоо.

  Шөнө дундын хэрд Бага залаадаа иртэл эргэн тойрон битүү манан. Өчигдөрийн орсон их борооноор хөрсөнд шингэсэн чийг босч ийнхүү өтгөн цагаан  манан татжээ. Өд хөдлөх  салхигүй, дулаахан гэж бүр гайхмаар. Наран шингэхийн хэрд тааралдсан их тойромын ойролцоо хэдхэн хоногийн өмнө үзүүр нь шарлаж байсан таанын ёроол дахин сэргэж, өтгөрч, ногоо хэнзэлж байгаа нь анзаарагдсан. Энэ сайхан чийг, энэ сайхан дулаан, ийм нам гүм шөнө  ногоо ч ёстой “суга ургах” байлгүй гэж бодогдож байна. Миний хувьд “Болзоотын бор толгой” гэдэг шиг болсон Бага залаа уулан дээр хүмүүс цугларч байнаа. Дундговь аймгийн Дэрэн сумын засаг дарга Л.Амартүвшин, Төв аймгийн Баянцагаан сумын засаг дарга Д.Хүрэлбаатар нар малчдын төлөөлөлтэйгөө, бас Төв аймгийн ЗДТГ-ын хэдэн хүн ирсэн байх юм. Засаг дарга нар ч яахав өөр өөрийн сумандаа өвөл ямар болох талаар таамаг сонсох гэж яваа. Аймгийн хууль, цэргийн хэлтсийн ч гэлүү дарга нар зүгээр л сонирхож ирсэн байх. Эхлээд тийм албаны хүмүүс гэхлээр “Би ямар хэрэг тарьчихлаа” гэж бодоход хүрснээ хэлж хөхрөлдөж билээ. Тэдний дунд харин Төв аймгийн Ус. Цаг уур, орчны шинжилгээ мэдээлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Гэрэлцог гэж залуу ирсэнд би их олзуурхаж билээ. Хуучин бол Дундговь аймгийнУЦУОҮШТ-ийн дарга мэргэжилтний төлөөлөл заавал ирж мэргэн ардуудын таамаглал дэвшүүлсний дараа шинжлэх ухааны аргаар гаргасан ирэх өвлийн тойм мэдээг өөрийн орон нутаг дээр нарийвчлан танилцуулдаг байсан юм. Өнөө жил тэд маань бас л короноодоод аймгаас гарч чадсангүй.

Олон арван жил уул овоон дээр гарч дөрвөн зүг найман зовхист дурангийн  хараа сунгаж өглөөн нартай золгодог мэргэн ардуудаас минь өнгөрсөн хавар Санзайн Дашдорж гуай бурханы оронд явчихсан, Хэнтий аймгийн Дархан суманд суугаа Мөрдэлэгийн Баасанжав гуай “Би өндөр настай болж тэнхээ хүрэхгүй болоо” гэж чөлөө авсан болохоор Баянжаргалангийн Ц.Баяр, Говь-Угтаалын Пунцагдорж, А.Лхагва, Ш.Эрдэнэбулган, Таванжин нарынхаа л амыг харна даа. Чойроос Баярмагнай ирэх болов уу...  гэсэн бодолтой явсан чинь Таванжин маань эрүүл мэндийн шалтгаанаар Хужиртад сувилуулж байгаа гэнэ. Баяр маань Баянжаргалангийнхаа Бага баян гэдэг уулан дээр, Лхагва маань Ерлөг хайрхан дээрээ гарахаар болжээ. Ингээд Бага залаа дээр Шаравжацын Эрдэнэбулантайгаа гарч хоноцгоолоо. Манай Эрдэнэбулган бол хөдөлмөрийн баатар Даваахүүгийн аав их хүлэгч Данзанням гуайн үед ах дүү зээрд азрагануудаа  тэдний хүрэнтэй хурд сорьж явсан хүлэгч Шаравжамц гуайн бага хүү. Аав нь бас уулан дээр гарч улирал шинждэг  эрдэмтэй хүн байлаа. Булган маань багаасаа аавыгаа дагаж уул овоонд гарч тэнгэр шинжих эрдмийг өвлөсөөр эдүгээ гуч гаруй жил ажигласан туршлагатай эр болжээ.

Шөнө хугаслаж уулан дээр гарсан ч эргэн тойрны өтгөн манан огт арилалгүй байсаар үүр цайлаа. Эрх биш өдөр болж байгаа юм болохоор сая нэг юм дорно зүгт Чойрын бог уулын бараа  сүүмэлзэх төдий, урагшаа Ерлөг хайрхан ч бараа харагдаж байна. Нар мандлаа ажиглагчид, сонирхогчид овоон дээр дахин цугларч Эрдэнэбулганыхаа таамаглалыг чих тавин сонслоо. Булган маань “Энэ жил зовох юмгүй сайхан өвөл болноо. Харин өвлийн төгсгөл, хаврын эхрүүгээ хатуурч мэднэ. Баруун талдаа хар бараан байх болов уу. Харин үлийн оготоно ихсэх юм байна шүү” гэж дахин дахин анхааруулдаг юм байна. Түүнээс энэ их өтгөн цагаан манан юуг өгүүлнэ вэ? гэвэл тэрээр “Манан дотроо их толон янз гэдэг юм. Цасны, жаврын, салхины... гээд сайн ялгаж чаддаг хүн арван хоёр янзын манан байдаг гэж байсан юм гэнэ билээ. Өнөө жилийн манан “Өнийн цагаан манан” гэгч байх гэж таамаглаж байна. Сайхан өвөл болноо. Хавартаа л... гэснээ үлийн цагаан оготоно ихсэнэ шүү” гэж дахиад л анхаарууллаа.

Бага баян, Ерлөг хайрхан, Бага залуу гурав дээр сүлжээтэй болохоор бид шөнө ярилцаж тохирсон ёсоор холбоо барьлаа. Баяр, Лхагва, Эрдэнэбулган гурав маань ам нэгтэй “Сайхан өвөл” гэлцэж байна. Харин Баяр “Олон гялгар /тэд нэр үл мэдэх тод одыг тэгж хэлдэг юм/ гарч байгаа. Хүйтэн өвөл болох байх”  гэсэн. Лхагва “Цагаан сарын наана, цаана цас хаяж мэднэ” гэсэн. Булган “Өвөл юм чинь цас орж хүйтрэлгүй л яахав. Ямар ч байсан яаая ийе гэхээр хатуу өвөл болохгүй. Цас орсон ч талруугаа л илүү унах байх гэж байна. Өөрөөр хэлбэл Чойр, Малхын талруугаа гэсэн үг.

 Намрын дунд сарын арван тавны шөнө алсын харууцтай уулан дээр гарч ирэх өвлийн өнгийг шинжих боржгины малчдын уламжлалт аргад суралцаж Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын дарга “бор дарга” гэж нутгийнхандаа алдаршсан Батжаргал аймгийн төвөөс урагш байдаг Хонгор хайрхан дээрээ  олон жил гарч өөрийн дүгнэлтээ хийдэг болоод байгаа юм. Түүнтэй бас тохирсон ёсоор холбогдож дүгнэлтийг сонсвол мөн л “Сайхан өвөл болноо” гэлээ. Ийнхүү Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Сайнцагаан сумдын гурав дөрвөн уулан дээрээс малчид ирэх өвлийг өнтэй сайхан болно гэлцэв. Түүнийг нотлох мэт Бага залаа уулын зүүн хойд билд багцаалбал мянга шахам богийн сүрэг налайн хэвтэж байлаа. Харин үдэш “Хонь тарж, тарайж хэвтэхгүй бөөгнөрч хоноод байх юм” гэж байсан малчид нэмэж үг хэлсэнгүй. Намрын хонь хурж бөөгнөрч хоновол хүйтэн өвлийн дохио гэлцпэг юм. Богд дүнжингаравын ар ч дээрээсээ шаргалтаж эхэллээ. Гайгүй өвөл болох байхаа. Харин хангай талруугаа буга их эрт дуудчихсан гээд байгаа. Бас жимс их ургасан. Тийшээ цас их унаж мэдэх юм.

   УЦУОСМХ-ээс гарагсан мэдээгээр ч 10 сар дулаан, 11 сар хэвийн, 12 сар хүйтэн гэж гарсныг Төв аймгийн УЦУОШТ-ийн дарга танилцуулсан. Энэ жилийн цагаан сар 2 сар дөнгөж гараад хаврын уур ч орох, хаврын тэргүүн сар ч гарах юм байна. Ирэх хавар л их зүтгүүлэх байх даа.

 Сэтгүүлчийн тэмдэглэл

Дамбын Шагдарсүрэн МУСГЗ,  Цаг уурч, Сэтгүүлч /2021.09.26/