2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Хөндөх сэдэв

Д.Шагдарсүрэн: Хүйтэн салхитай, хуурай хавар ирлээ дээ

2021-02-20 19:06:09

Цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман. Бурхан шашны талаасаа нэгэн их дүйчин өдөр, бүх хүрээ хийд хорио цээрийн дэглэм сахиж цахим хурал хурлаа. Түүний дотор Шанхын Баруун хүрээний гаралтай, эдүгээ Улаанбаатар хотын янз бүрийн хийдэд сууж байгаа залуу лам нар нийлж, "Будда" продакшний туслалцаатай live хурал хурж нутаг зүгийн сүсэгтэн олондоо их буян хийлээ. Миний хувьд нутгийнхаа арваад ламыг гэртээ залаад жилийн заслаа хийлгэчихлээ. Сэтгэл өндөр сайхан байнаа.
 
Хулгана жилийн өвлийг алсын оторт өнгөрөөж энэ хавартай золгож байгаа малчид, ялангуяа говь, хээрийн бүс нутагт яваа малчид маань "Энэ хавар цаашаа яах бол? Ирэх зун ямар болох бол?" гэсэн мөнхийн асуултан дунд тэнгэрийн аяс даган яваа даа. Байгаль дэлхийгээ олон зууны турш шинжиж, өөрчлөлт хувьслынх нь талаар ямар ч нотолгоо шаардахгүй таамаглал бий блгосон их ухааныг энэ үеийн малчид өвөлсөөр л яваа. Байгаль шинжих уламжлалт аргын талаар сонирхолтой зүйл маш олон байдгийг тэд л мэдэж бие биедээ, үр хойчдоо дамжуулсаар ирсэн билээ.
 
Эдгээрийн дотроос "Монгол цаг улирлын тооллын бага хорин дөрвөн улирлын" ёс их онцлогтой мэт санагддаг юм. Учир юун гэвэл нэгд дэлхий болоод нар, сарны байршлыг нарийн тооцсон, хоёрт мал аж ахуйн үйлдвэрлэл, зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын байгальтай уялдах тэр холбоог нарийн тусгасан байдаг билээ. Товчоор хэлбэл "Хаврын уур" улирлаас эхэлж нэг сарыг хоёр улирал болгон хуваасаар хорин дөрвөн улирал болгоно. Түүний "Хаврын хугас тунд", "Намрын хугас дунд" хоёрт нар дэлхийн байрлалаар дэлхий дээр өдөр шөнийн тэнцлийн цэгт очсон байхад "Зуны туйл" улирал эхлэхэд дэлхийн бөмбөрцгийн умард хагаст өдөр хамгийн урт, "Өвлийн туйл" улирал эхлэхэд шөнө хамгийн урт үе болох жишээтэй. Харин бөмбөрцгийн өмнөд хагаст мэдээж эсрэгээр нь. XVII жарны 35 дахь, "цөөвөр" хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн хаврын уур 2021 оны 2 дугаар сарын 3-нд орсон гэж байгаа. Энэ өдрийн жил, өнгө, мах бодийн учралаар бол урьдчилж дүгнэх онцгой шинж тодроогүй. Харин түүнээс хойш тохиолдсон "хөх хулгана", "цагаан морь", "цагаагчин хонь", өвлийн адаг сарын хорин долоон бүгдэд нийт нутгийн хэмжээнд "тэнгэр сайхан" гэх үнэлгээтэй өнгөрч билээ. Гэвч шинийн хоёрны сарыг надад говь, хангайн олон малчид ажиглаж мэдээлдэг юм. Энэ удаад шинийн хоёрны сар тал хээр, говийн бүс нутагт "салхи ихтэй, хүйтэн сар гарлаа" гэсэн бол Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав нутагаас ирсэн мэдээллээр "их аятайхан" сар гэж дүгнэж байна.

Манай Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын буриад зон байгаль цаг агаарын өөрчлөлтийг ажиглаж, түүний хувьсал өөрчлөлтөд аж ахуйгаа зохицуулан ажилладаг өвөрмөц аргатай. Тэднийхээр энэ хаврын тэргүүн сарын шинийн долоон /2 дугаар сарын 18/-нд "Доргон болзор" буюу дорго сэрэх цаг эхэлсэн. Энэ нь дээр өгүүлсэн "Бага хорин дөрвөн улирлаар" бол ""хур усан" хэмээх улиралтай давхцаж байгаа юм. Энэ нь газарт ичээндээ унтаж байгаа дорго сэрж байх цагт тэнгэрт үүлс бөөгнөрч, тэнгэр "саамшиж" эхлэх үе гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл энэ улирал эхэлэхэд заавал хур бууна гэсэн үг биш харин агаар дахь мөсөн талст усан дуслын хэлбэрт шилжиж эхэлнэ л гэсэн үг. За тэгээд шинийн илүү долоон буюу 2 дугаар сарын 19-нд сар мичидийн тохиол боллоо. Энэ тохиолын үеэр болоод араас нь бараг нийт нутагийг хамарч хүчтэй салхи босч, шороон шуурга л тавих шив дээ. Харин Хөвсгөлийн уулс, Дорнодын хойд талаар зарим нэг газар өчүүхэн төдий чийг хаяв бололтой. Отрын ч бай, суурин ч бай олон газарт нялх төлийн дуу цангинаад эхэлчихсэн. Малчдын маань хувьд хамгийн хүнд, хамгийн их ажлын цаг.
 
Хүйтэн салхитай, хуурай хавар ирлээ дээ. "Хаврын салхи хавирга нэвт" гэж үгтэй. Мах иддэг болгон малчдаа бодох цаг ирлээ. Харин малчдыг нэг нүдээд үздэггүй доромжлон гутааж байдаг "өвсөн тэжээлтэнгүүд" элдвээр доромжилж тэдний урмыг битгий хугалаасай. Манайх чинь "Малчдын талаар төрөөс баримтлах бодлоготой" билүү үгүй билүү?



Цаг уурч, сэтгүүлч МУСГЗ Д.Шагдарсүрэн