2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Хөндөх сэдэв

“Хар цас” ба Цар тахал

2021-04-12 13:29:55

 Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас  өөрийн аймгийн нутаг дээр 2020-2021 оны өвлийг өнгөрүүлсэн өөр аймгийн оторчдыг  энэ сарын 13-ны дотор бэлчээр чөлөөлж өгөхгүй бол албадан нүүлгэх шийдвэр гаргажээ. Цагийн байдал цастай шороотой, цар тахал улам хурдтай тархаж байдаг. Яана даа хэдэн малчид нь. Цар тахал  буюу “цөвүүн цагийн хижиг” өвчний хор уршиг  яг л дайныг санагдуулах болов. Их найрагч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдоржийн “Хар цас” найраглалд
                                                          “Дайн дайралдахгүй мөртлөө
                                                            Даавуу дээлийн өнгө хуулж,
                                                           Улаан тамхи, ногоон цайны
                                                            Уутыг хүртэл эргүүлж гөвлөө
                                                           Хар дайн харагдахгүй мөртлөө
                                                           Харандаа үзэг гараас булааж
                                                           Ширээн дээрээс дэвтэр хурааж
                                                           Шилэн савтай бэх хуурайллаа” гэж гардаг.

Дайны аюулаас болж алс хөдөөд хүртэл идэж уух, эдэлж хэрэглэх, өмсөж зүүх... юм бүхэн ховордож амин зуулганд нөлөөлжээ. Энэ тахал дайнтай, бас байгалийн гамшигтай зүйрлэхүйц уршигтай юм. 1248 онд монгол оронд айхавтар ган болж “голын ус бүрнээ ширгэж, хээрийн өвс өөрөө ноцож, үхэр морь араваас найм, ес нь үхсэний тулд, хүн амь  зууж чадахгүй болжээ”  хэмээн “Юань улсын судар”-т тэмдэглэсэн байдаг тухай Д.Гонгорын “Халх товчоон” номын тэргүүн ботид байдаг юм.  Тиймээ “Цар тахал” өнөөдөртөө малчны хотруу яг орчихоогүй байна. Одоохондоо шүү. Дундговь аймгийн Эрдэнэдалай, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт гээд төв суурин газруудад гарчихлаа. Үүнийг бичиж байх тэр мөчид хаана ч “үсэрхийлчихсэн” байж мэднэ. Тиймээс би “одоохондоо” гэж байгаа хэрэг. Энэ өвчний цаад талд улс орны эдийн засаг, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байна. Боловсролыг ч бүр орхъё.  Хот, тосгоны бид ч яахав гэрээсээ ажлаа хийж, телевизийн суваг сольж, иргэн бүрт өгсөн  гурван зуун мянган төгрөгөө аваад эхнэрүүд  бушуухан “эд бад хийхээр” цүнх саваа шүүрэн гарч байна.
 
        Хөдөөд ноолуур бэлтгэлийн ид үе. Зарим газар ямаагаа самнаад дуусчихсан ч ноолуур үнэ хүрэхгүй байна гэлцэнэ. Малчдын “хаврын цалин буудаг” ганц үед нийслэлээс ноолуур авахаар хөдөөг зорих наймаачны урсгал зогслоо. Өөрөөр хэлбэл эдийн засгийн цусны эргэлт тасрах аюул тулгарах нь байна. Дээрээс нь ноолуурын гол бүс нутаг-говь,  хээрийн бүсэд аймшигт шороон шуурганы уршгаар ноолуурын чанар “авахын аргагүй” байгаа. Ямааны үсэнд элс шигчихсэн, түүнийг гөвж, сэгсэрч цэвэрлэх малчин одоо бараг байхгүй болсон. Олон ямаатай айл төв суурин газраас хүн авчирч хөлсөөр ямаа самнуулдаг байсан бол одоо өнөөх хижиг өвчнөөс болоод бас л хумигдана. Өвс тэжээл дууслаа, “хагалаад идэх” мал маань үзэх өөх байтугай идэхийн аргагүй зовлого. Мал төлөлж байгаа ч жилбэ ямархан байгаа бол? Уураг идэх нь бүүхэл угжны сүүтэй байна уу үгүй юү?
 
     Малчид гэдэг хэдэн малынхаа төлөө л амь тавьж явдаг. Тиймээс ч “үхтэл үр харам, үгүйртэл мал харам” гэсэн үг гарсан биз. 1991 оны хавар Баянхонгор аймгийн Галуут сумын малчин “Цамбажавын Шарав агсныд буухад сарлагийн 30 гаруй үнээ саадаг ч хонь нь жилбэгүй төлөлсөн учир хургаа угжих гэж өөрсдөө хар цай ууж байхыг хараад “Хэ цс, ингэж ч мал маллаж явах гэж...” хэмээн сэтгэл гонсойж билээ. Тэгтэл жинхэнэ малчин гэдэг чинь мал сүргийнхээ төлөө тэгж амь хайргүй зүтгэж байж ард нь сайхан амьдардаг, хүссэн аз жаргалаа эдэлдэг  юм байна. Шарав агсан маань ч түүнийхээ хүчээр сайн сайхан амьдралд хүрч, аз жаргалыг өөртөө бүтээсээн. Эхнэр нь ч хүнд өвчнөөс салж, сайн сайхан амьдралд хүрсэн. За энэ ч яахав, үндсэн сэдэврүүгээ оръё. Нийслэлд манай гэрийн ойр байдаг хүнсний дэлгүүрт “Нөөцийн мах” зарж байна. Үхэрийн 1 кг мах 7700 төгрөг, хониных 6700, ямааных 5700 төгрөг. Гэтэл уг дэлгүүрээс 100-гаадхан метрийн зайд байгаа “Таван эрдэнэ” хүнсний зах дээр үхрийнх 14700, хониных 14500 гэв. Үнийн матрецийг хэн зохиодгийг би мэдэхгүй юм. Хотынхон “Муусайн малчид мал, махаа үнэтэй зарж байна” гэж агсам тавих, малчид болохоор “манай гаднаас бараг зүгээр аваад явдаг”  гэж гоншигонох. Тэтгэвэрийн хэдээ буухлаар сард нэг гэдэс гардаг хотын хөгшчүүлд нөөцийн мах даан ч амархан “дуусчихна”.  Бид нэг хэсэгтээ гурил мах хоёртой байхад арай ч гол тасарчихгүй. Манай өнөөх дэлгүүрт Улаанбаатарын дээд гурил 1кг нь 1700 төгрөг, 1 дүгээр зэрэг нь 1500, 2 дугаар зэрэг нь 1200 төгрөг. Хөдөөд очихдоо тээврийн зардал, ашиг хоёроо нэмэхлээр  дээрх үнэ тодорхой хэмжээгээр өсч таарна. Малчид маань одоо яах вэ? Бороо орж, ногоо гартал борцондоо л найдахаас өөр аргагүй болж байна. Гагцхүү эрүүл л байвал ирэх жилийн наадам үзнэ дээ. Одоо төрөөс нэг хэсэгтээ дахиж мөнгө өгөх боломжгүй байх. Дэлхийн нэг, хоёр дугаар дайны үед бараг дэлхий нийтийг хамарсан өлсгөлөн болж байсан юм гэдэг. Монголчууд бол харин хэдэн малынхаа буянаар туранхай ч гэсэн зовлого чанаж идээд өлсгөлөнд унах аюулгүй улс. Малын буян гэж үүнийг л хэлээд байгаа юм. Бид улс төрийн өлсгөлөнгөөс өөр юм үзээгүй, их өндөр заяанд төрсөн хүмүүс шүү. Тэр заяагаа л эрхэмлэж тэвчээртэй, хүлээцтэйн гадна өндөр хариуцлага, сэрэмжтэй баймаар санагдах юм.  
 
Халдварт өвчин малчдын дунд тархвал ЯАХ ВЭ?
 
      Яг үнэндээ энэ “хар цас” мэт цар тахал хөдөө тарчихвал “яах билээ?” гэж бодсон, тэгвэл ингэнэ гэж төлөвлөсөн юм бидэнд алга. Улаанбаатартай ноцолдоод л, цувуулж алдаад л өдий хүрлээ. Тив нь уужим, тэнгэр нь хол юм гэдэг шиг хэдэн малчид нь нэн тархай учраас хомроголон тарах аюул харьцангуй бага юм. Гэвч... гэвч хажууд ирчихээд хацар эрвэгнүүлээд байна. 11 цагаас “вирусээ тоолдог” ажилтай 1,5  жил болж байна.  Бодит байдлыг үнэлж гарцаагүй тулгарсан нөхцөлд яах вэ гэдэг дээр төрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт нэн яаралтай хиймээр санагдах юм. Хүйтэн дайны үе болон байгалийн гамшиг осол их тохиолдох болсон үеүүдэд тийм төлөвлөгөө байсан юм. 1980-аад оны төгсгөлд төв суурин газарт, албан байгууллага бүрт “Иргэний хамгаалалтын сургууль” гэж хийдэг байлаа.  Тэр сургуулилтаар болзошгүй аюулын тухай “бодлого” өгнө. Түүнийг бодит байдал гэж тооцон урьдчилан  сэргийлэх, авран хамгаалах бүх ажлын төлөвлөгөө хийсэн байна. Миний бие тэр үед цаг уурт ажиллаж байлаа. Нэг жилийн иргэний хамгаалалтын сургуулиар “Улаанбаатарт Толгойт хавьд амиак /амьсгал боогдуулах аюултай хий/  алдагдлаа”  гэсэн  бодлого ирж бид түүний тархах чиглэл, хамрах талбай, түүнд өртөх албан байгууллага, хүн ардын бүх тооцоог гаргаж өгч, авах арга хэмжээний төслийг боловсруулж, түүнийгээ ИХЕГ /Ирэний хамгаалалтын ерөнхий газар/ буюу одоогийнхоор ОБЕГ дээр хамгаалж байсан юм. Тэр нь эргээд төрийн бодлогод суудаг байлаа. Түүн шиг халдварт өвчин малчдын дунд тархвал ЯАХ ВЭ гэдэг төлөвлөгөөг яаралтай хиймээр байна. Үүнийг баг, сум, аймаг, улсын гээд түвшин бүрт өөрсдийн онцлогийг харгалзан хийх хэрэгтэй. Тэр нь бүх малчин айл өрхийг хамарсан байхын гадна бүгд адилхан байх албагүйгээр үл барам тийм байж болохгүй. Учир нь Хөвсгөлийн тайга, Өмнөговийн цөл, Дорнодын талд өөр өөр онцлогтойг харгалзах ёстой. Энд онцгой анхаарах нэг зүйл бол НҮҮДЛИЙН буюу хөдөлгөөнт объктыг эрсдэлээс хамгаалах онцгой стратеги, төлөвлөгөө хэрэгтэй.  Дээрээс нь хөдөөд төвлөрсөн уул уурхайн том аж ахуйнуудыг бас онцолж үзмээр санагдана. Эцсийн эцэст энэ ажлыг багийн даргаас эхлээд сум аймгийн удирдлага, мэргэжилтэнүүд л чин үнэнчээр хийх, зохион байгуулах хэрэгтэй байх. Хандивын өвсийг хамаатандаа өгчихдөг, найзын тусламжийг намынхандаа түлхүү хүртээчихдэг ӨЧҮҮХЭН СЭТГЭЛГЭЭНЭЭС салмаар байгаа юм даа. Ер нь бол КОВИД-19 гэх энэ хижиг өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол ХУВИЙН АРИУН ЦЭВЭР буюу амны хаалт, гараа тогтмол угаах, үнсэлдэж нялуурахгүй байх гэх мэт хамгийн энгийн арга гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ. Тийм байтал ХАЙРТАЙ ХҮНЭЭ ХАМГААЛ гэж нялуурч байхаар ХАР АМИА БОД гээд шулуухан хэлчихмээр санагдах юм. Та л хүнээс өвчин авахгүй өөрийгөө сайн хамгаалж чадвал өөр хүнд өвдөхгүй шүү дээ. Өгөх юм байхгүй юм чинь. Малчдад үүнийг яаж сайн ойлгуулъя даа байз. Манайханд “аа гайгүй биз” гэх нэг ямар ч үндэслэлгүй хэнэггүйтдэг зан бий. Энэ бол ёстой л “нохойдоо наадаж гэртээ баах”, “дүлийдээ найдаж унгараг” гэдэг мэргэн шог үгнүүдийг санагдуулдаг юм. Хар цас шиг цар тахал бодит аюул болчихлоо гэдгийг малчид минь ухаарч сэрэмжлэх, тийм дадал суух хэрэгтэй байнаа.
 
“БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ”-  л Монголыг аварна
 
 
      Цар тахалын дараа монголын мал аж ахуй ямар байх вэ? Сайнаар ч бодсон, муугаар ч бодсон БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ  л монголыг аварна. Үүнийг мартаж ер боломгүй. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газрын /тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэийн толгойлж байгаа/ мөрийн хөтөлбөр гэж хэлж болох “Алсын хараа 2050”-д бэлчээрийн мал аж ахуйн талаар тун чамлалтай тусгасан байдаг.  Бэлчээр нь эрүүл, чанартай, хүрэлцээтэй байж гэмээ нь НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ гэдэг чинь өвлөгдөж, хадгалагдаж, үе дамжин хөгжиж байх ёстой бишүү. Эрдэмтэдийн судалгаа тооцоогоор Монгол Улс 110 сая га бэлчээртэй, түүний 75 хувь нь цөлжиж, доройтож, даац хэтэрчээ. Эрх баригчдын болоод эрдэмтэдийн бодож олсон шийдэл нь МАЛАА ЦӨӨЛӨХ. Миний бодоход малаа цөөлөх нь нэг талын л гаргалгаа. Бэлчээртээ тохирсон малтай байхыг номлохын зэрэгцээ бэлчээрээ нэмэгдүүлж,  сайжруулж,  малаа өсгөх тийм бодлого хэрэгтэй байна. Урд чинь тэрбум “ам ангалзаж” байхад манай мал өсөөд өсөөд тэдний хэрэгцээг  бүрэн хангаж дийлэхгүй. Бид тэндээс л ашиг олж амжиргаагаа тэтгэнэ. Малын ашиг шим гэдэг уурхай шиг ухаж аваад дуусдаг биш мөнх ундарч байдаг баялаг. Бид чинь  “Буянт мал сүрэг минь будаа тариа шиг арвижих болтугай” гэж ерөөдөг ард түмэн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин  Ц.Намхайнямбуу мал өсгөхийг дэмжихийн зэрэгцээ чанарыг эрхэмлэдэг байлаа. Тэр хүн “Олноос олон үлдэнэ, цөөнөөс цөөн үлдэнэ” гэдэг байсан юм. Энэ нь  ган зудын аюул гамшиг, өвчин тахал боллоо гэхэд үхлээ, үрэгдлээ гээд олон малаас овоо хэд нь үлдэнэ. Цөөн малтай бол цөмөөрөө яваад өгнө л гэсэн үг” гэдэг байлаа.  Би  тэр агуу малчнаас нэг удаа ярилцлага авч байсан азтай хүн. Тэгэхлээр малын тоотой  ноцолдохын зэрэгцээ бэлчээртэйгээ бүр их ноцолдмоор байна. Бэлчээрийг нөхөн сэргээх, усжуулах ажилд яг үнэндээ төрөөс юу ч хийхгүй байна шүү дээ. Төр бүхнийг булааж ав гэж байгаа юм биш. Энэ асуудлыг хувийн хэвшилтэйгээ хамжин ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР онцгойлон авч үзмээр, шийдмээр, тодорхой бодлого болгон хэрэгжүүлмээр байгаа юм. Даанч оготнын дуу тэнгэрт хүрэх биш дээ. Аргаа барахдаа би “Малчин” телевизээр “ЯАМААР БАЙНА?” гэдэг ярилцлага нэвтрүүлэг хийж санаа бодлоо олон түмэнтэйгээ хуваалцаж байна. Түүнийг минь “эрхэм дэдэс” олж хардаг ч юмуу, үгүй ч юмуу бүү мэд. Миний хувьд сэтгүүлчийн үүргээ л биелүүлж яваа ухаантай.  Бэлчээр гэдэг зөвхөн өвс ургасан талбай биш. Хужир мараа, ус унд, гэрэл сүүдэр, нөмөр нөөлөг бүгд оролцсон иж бүрэн систем юм. Бэлчээрийн тухай яривал мөн ч их юм байна даа. Бэлчээр дундуур төмөр зам тавьчихаад, хоёр талаар нь өргөст торон хашаа татчихлаар нэг км төмөр зам хэдэн га бэлчээр ашиглах боломжгүй болгох вэ? Үүнийг би “Төмөр зам барихад танай яамнаас нарийвчилсан үнэлгээ авдаг уу?” гэж ХХААХҮЯ-аас асуусан чинь “Төмөр зам манайд ямар хамаатай юм?” гэж гайхаж эгдүүцсэн хариулт өгсөн шүү. Энэ хаврын их шороон шуурга хичнээн сая га газрын ургамалын үндэс, хөрсийг хуу татаж хаяв.  Үүнийг одоохон сансрын мэдээлэл ашиглан нарийн гаргаж ирмээр санагдах юм. Үүнийг “Ногоон алт” хөтөлбөр, Ус, цаг уурын хүрээлэнгийнхэн гаргаад өгч чадна даа. ХХААХҮЯ-нд бэлчээр хариуцсан нэг хархүү, усжуулалт хариуцсан бас нэг хүүхэн л байдаг юм хөөрхийс. Санаа байвч сачий хүрэхгүй гэдэг л болдог байлгүй. Яг энэ хоёр асуудал /бэлчээр нөхөн сэргээх, усжуулах/ дээр улсын төсөвт хэдэн төгрөг “зоодог” билээ? Миний мэдэхээр лав усжуулалт дээр  2019 онд нэг ч төгрөг тавиагүй л байсан. Цар тахалтай тахалгүй цаашаа монголын бэлчээрийн мал аж ахуй яаж явах вэ гэдэг асуудал бүрхэг л байна шүү дээ. Бэлчээр нь байгаад түүн дээр бэлчих мал нь байгаад түүнийг эрхлэх малчин нь байж гэмээ нь өнөөх “Алсын хараа-2050” –д эрхэмлэн заасан НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ гэдэг чинь “санасан ёсоор сэтгэлчлэн бүтэх” нигуртай билээ.

Эцэст нь малчдын хариуцлагыг өндөржүүлэх, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, үүний тулд хөдөлмөрийн үнэлэмжийн системийг өөрчлөх хэрэгтэй байна. Наад зах нь улс, аймаг, сумын аврага малчин шалгаруулах журамд байгаа “сүүлийн гурван жил хээлтэгч тутмаас төл бүрэн бойжуулсан байх” гэсэн утгатай заалтуудыг өөрчилж аль болох цөөн малаас их мөнгө олсон байх сэдэл өгөх, дээрээс нь бэлчээр тордож хамгаалсан, нөхөн сэргээсэн, нөөц бэлчээр ашигласан, худаг ус гаргасан зэрэг үзүүлэлтүүдийг сайтар “шахаж” өгөх хэрэгтэй байна. Хүн гэдэг чинь урмаар тэжээгдэж явдаг. Бас малчдад бэлчээрийн мал маллагааны арвин их туршлагаас,  мал аж ахуй эрхлэн хөтлөх шинжлэх ухааны аргаас зааж сургах ажил дутмаг л байна даа.Энэ тал дээр ч өнөөх эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй л байх.



НИЙТЛЭЛЧ : Цаг уурч, сэтгүүлч, МУСГЗ Дамбын Шагдарсүрэн  2021.04.12