2024-05-05
АНУ доллар 3,381.24₮
Ангилал:

Д.Шагдарсүрэн: Нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хөгжүүлэх асуудлыг Үндсэх хуульдаа тусгах хэрэгтэй

2019-09-12 12:41:06

МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, Сэтгүүлч, Цаг уурч Дамбын Шагдарсүрэн 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж МАН ухаан жолоогүй зүтгэж байна. Тэр ч аргагүй. Одоо бүх ард түмний санал асуулга авна гээд байхлаар нь санаж бодсоноо тэр үед нь хэлье гэж бодож байсан юм. Худлаа боллоо л доо. Санал асуулга гэдэг нь зөвхөн "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу байх уу" гэсэн асуултанд "тийм", "үгүй" гэсэн хариулт аваад тоолох юм байж.

 Тэгтэл би ҮГҮЙ гэж хариулах байна. Яагаад гэвэл одоо хэрэглэж байгаа Үндсэн хуулинд ч нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа төсөлд ч улс орны хөгжлийн томъёолол дотор НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ИРГЭНШИЛИЙГ ХАДГАЛЖ ҮЛДЭХ АСУУДАЛ огт тьусгагдаагүй байгаа юм. 1992 оны Үндсэн хуудьд Эрхэм зорилгоо зөвхөн ТҮҮХ, ӨВ СОЁЛОО гэж заасан байгаа юм. Өнгөрсөн 27 жилд түүх, өв соёл гэдэг ойлголтын хүрээнд ном судар, булш хэрэгсүүр, дуу хуур, найр наадам төдийхнийг ойлгож ирсэн болохоос биш жинхэнэ нүүдлийн соёл иргэншил гэдгийг цогцоор нь авч үзэж ирсэнгүй. Өөрөөр хэлвэл жуулчин хүлээж авдаг хэдэн гэр, тэнд гадаадынханд унуулдаг хэдэн морь тэмээхнийг нүүдлийн соёл иргэншил гэж ойлгож ирлээ. Миний бодоход бэлчээрийн мал аж ахуйг эрхэлж яваа малчдын аж амьдралыг бүхэлд нь авч үзэх том асуудал байлтай.

Энд юуны түрүүнд бэлчээр усан хангамж, нутаг дэвсгэрийн хил зааг, бэлчээрийн талбайн халдашгүй байдал зэргийг дахин авч үзэх шаардлагатай болж байна.

Өнөөдөр уул уурхайн түрэмгийлэл, ган зуд, гал түймрийн аюул зэрэг олон хүчин зүйлээс болж бэлчээрийн талбай хомсдсоор байна. Дээрээс нь БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ гэж "хадны мангаа"-гаар айлгаж малчдыг мал аж ахуйгаас холдуулах, ялангуяа залуу малчдыг уламжлалт мал аж ахуйгаас залхаж, хөндийрч төв суурин бараадах зайлшгүй нөхцөлрүү түлхэж байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэгүйдэл, бага, дунд боловсролын тогтолцоо гээд маш олон зүйл дээр төрийн бодлого үнэндээ алга байна шүү дээ. ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт явж байхад нэг малчин "Тэмээ эдлэхгүй болохоор хом бамбай, буйл бурантаг гэх мэт мал аж ахуйн тоног хэрэгсэл алга болж, үүнийгээ дагаад нэр томъёо, үг хэллэг ч устдаг юм байна" гэж харамсан ярьж байсан. Энэ бол яах аргагүй үнэн.

 Бид Үндсэн хуулиндаа НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ ХАДГАЛАН ХӨГЖҮҮЛЭХ тухай тусгахгүй аваас энэ соёл ахуйгаас холдож гээгдэхэд хүрнэ. Араас нь малчдыг бэлчээрийн доройтлоор айлгаж, шахаж байгаа "Бэлчээрийн тухай хууль" батлагдаад ирвэл асуудал нэн түвэгтэй болно. Тиймээс би Үндсэн хуульд одоогийн төслөөр нэмэлт өөрчлөлт хийснээс огт хийгээгүй нь дээр гэж үзэж байгаа юм.

Бас нэг анхаарч үзэх зүйл бол ТӨРИЙН СҮЛД. Монголчууд сүлд хийморийг ихэд эрхэмлэдэг. Улс орон минь нэг л өөдлөн дэвжиж өгөхгүй, уруудаж буруудаад байгааг Дундговь аймгийн Хулд сумын харъяат эдүгээ 90 нас зооглож яваа Авирмэд гуай "Төрийн минь сүлд хазайчихжээ. Ургах нарны зүг урам зоригтой давхиж яваа /ирээдүйн хөгжлийн төлөө/ морьтой монгол сүлд байхгүй болж эмээлтэй морь эзэнгүй давхиж яваа нь улс орноо удирдан жолоодох төргүй болохыг ёрлосон байна" хэмээн шүүмжилж өөрийн төсөөлж байгаа сүлдийг ч дүрслэн гаргасан байдаг. Амирмэд өвөөгийн энэ саналыг ухаарч ойлгох улс төрийн зүтгэлтэн гэж өөрсдийгөө үнэлэгч өнөөгийн УИХ-ын гишүүд дотор алга шиг байна. Уул нь би Авирмэд өвөөгийн энэ саналыг олон гишүүнд хэлсэн юмсан. МАНАН-гийнхан дунд энэ тухай эрэгцүүлж бодох хүн даанч байсангүй бололтой. Тэд өөрсдийнхөө сүлдийг дуудуулж, суудлаа батжуулахыг л бодохоос улс орны хувь заяанд төдийлөн анхаарлаа гэж үү? Бид төрийн минь сүлд өршөө хэмээн хүндлэн дээдэлдэг сүсэгтэй ард түмэнсэн. Гэтэл өнөөдөр ийм төртэй, тэр нь ийм сүлдтэй хойно юундаа ч мөргөхсөн билээ дээ. Авирмэд өвөөгийн ухаан хүрэх сачийтай түлмэл алга шив дээ. Тийм болохоор би "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх нь зөв үү?" гэсэн асуултанд ҮГҮЙ гэж хариулах гээд байгаа юм.